Тус танхимын онцлох дурсгалын нэг нь луу хээтэй, шүрэн нударгатай эрэгтэй халх дээл юм.
ЗАВХАН: Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд XIX-XX зууны халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн ховор үзмэрүүд хадгалагдаж байна.
Улбар шаргал өнгийн уг дээлийг цагаан чисчүүгээр нударгалж, жижиг шүр сувсаар өнгө уусган цэгэн хуар хээ гарган урласан байна. Дээлийн урт 120 см, өргөн нь 60-90 см. Судлаачдын тайлбарласнаар, халх эрэгтэй дээл нь баруун гар тийш товчилдог, дан эмжээр бүхий дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, өргөн урт ханцуйтайгаараа онцлогтой.
Арын хормой урд хормойноос илүү элбэг эсгүүртэй нь морь унах соёлтой холбоотой уламжлалт шийдэл юм. Халх эрэгтэйн үндсэн өмсгөлд дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд багтдаг.
Музейн сан хөмрөгт хадгалж буй ховор үзмэрийн нэг нь халх эхнэрийн толгойн иж бүрэн мөнгөн гоёл буюу авгай гоёл юм.
Уг гоёлыг Завхан аймгийн Яруу сумын Нийдэн тайжийн гэргий Намжил хэрэглэж байжээ. 1940-өөд оны үед зүүн аймгаас 30 эр хонь, таван шар, таван адуугаар авч байсан энэ гоёлыг 1952 онд музейн үзмэрт бүртгэн авсан байна.
Халх эхнэрүүд нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж, нутгийн заншлаар гоёл чимэглэлээр чимдэг. Төв халхын эхнэрүүд үсээ дугуйлж, дунд хэсэгт нь мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг бөгөөд толгой дээрээ үнэт чулуу шигтгээтэй мөнгөн оройвч тавьж, малгай өмсдөг.
Оройвчийн орой онгорхой бол харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй бол язгууртан эмэгтэйнх хэмээн ялгадаг байжээ.

Эдгээр
үзмэр нь XIX-XX зууны үеийн нийгмийн зэрэг дэв, гоёл чимэглэлийн соёл, дархны
ур ухааны түвшнийг илтгэсэн үнэт өв бөгөөд Завхан аймгийн музейн сан хөмрөгийг
баяжуулсан түүх, соёлын чухал дурсгалууд юм.