ӨМНӨГОВЬ: Тэмээн сүргээрээ манлайлсан аварга малчид
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас Улсын аварга малчин Манлай, Ханбогд сумаас тодорчээ.
Тус аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Д.Чойсүрэн, гэргий Ү.Болормаа,
Ханбогд сумын Баян багийн малчин Х.Энхбат, гэргий Д.Батцэцэг нар “Улсын аварга
малчин” цол хүртжээ.
Говь нутгийн малчин түмнээс улсдаа манлайлан “Улсын аварга малчин”-аар шалгарсан Д.Чойсүрэн, Ү.Болормаа нар нь Манлай сумын хамгийн олон тэмээтэй өрхийн нэг юм. Тэд 2025 онд 400 гаруй тэмээ, 1000 гаруй хонь голлосон нийт 2000 гаруй толгой мал тоолуулж, энэхүү шагналын эзэн болжээ.

Тэд 2020 онд Өмнөговь аймгийн “Аварга малчин”-аар шалгарч, мал маллах арга ухаан, сүргийн бүтцийг оновчтой хадгалан сайжруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хуримтлуулсан арвин туршлага, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж байжээ.
Ханбогд сумын Баян багийн малчин Х.Энхбат, Д.Батцэцэг нар 30 гаруй жил тасралтгүй мал маллаж, сүүлийн 15 жилийн хугацаанд мянга гаруй толгой мал тоолуулсан амжилтыг үзүүлжээ. Тэд тэмээний тоо толгойг тогтмол өсгөж, үржил шимийг нь нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийт малынх нь 500 орчим нь тэмээн сүрэг эзэлж байна.
Улсын аварга малчдын шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн
байнгын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан болон бусад
албаны хүмүүс хотонд нь очиж гардуулан өглөө.