Үргэлж сайхан гуталтай явах "үүрэг"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жижигхэн хэрнээ дулаахан мэдрэмжүүд урт өдрүүдийн гэрэл гэгээ болдог. Би ажил дээрээ бор гутал өмсдөг юм л даа. Ажлын орчноос болоод гутал маань тоостой бохир л байдаг.
Би ч үүнийг байх ёстой зүйл шиг хүлээж авдаг байлаа. Саяхан ажлын ах ширээнээсээ нэг бор гутлын тос гаргаж ирээд гутлыг минь тосолж өглөө. Тэгээд тослох зуураа “Миний муу аав гутлаа цэвэрхэн өмсөж бай" гэж захидаг байж билээ. Байнга л миний бас дүү нарын гутлыг жимбийтэл нь тослоод тавьчихдаг байсан сан.
Энэ үйлдэл нь миний сэтгэл зүрхэнд хамгийн дулаан, дотно мэдрэмжийг үлдээсэн. Хойшид хэзээ ч тоостой гуталтай явж болохгүйг ажлын ахын маань тэр үйлдэл надад "заасан" юм. Бяцхан охиндоо ч тэр тухай ярьж өгч, хүн хаана ч, ямар ч орчинд ажилладаг байсан гутал, хувцсаа цэвэр сайхан өмсдөг байх хэрэгтэйг бас зааж сургана даа гэж боддог болсон.
Уурхайчин Б.Чулуун-Эрдэнэ