ЗАВХАН: Хүрэн талын услалтын систем тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-20 14:38:05

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ хавар 477 га-д усалгааг бүрэн шийдсэн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх боломжтой болсон тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөөний хүрээнд мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм.


Өөрөөр хэлбэл, Завхан аймаг хүн амын хэрэгцээт төмсний 60 хувь, хүнсний ногооны 40 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилт тавьж байна. Энэ хүрээнд оны өмнөхөн Тэлмэн сумын Хүрэн талын услалтын системийг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд сэргээн засварлаж, бүрэн ашиглалтад оруулжээ.


Энэхүү ажлыг "Цомбон тоосго" ХХК хийж, 10 нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулан, 300 га-д бороожуулагч систем, 200 га-д ил аргаар услах 7.3 км дэд бүтэц байгуулж аймгийн комисс хүлээн авсан юм.


Хүрэн талын услалтын системийн хайгуулын ажлыг 1971 онд хийж, зураг төслийг Ус, хөрсний технологийн эрдэм шинжилгээний институтэд боловсруулжээ. Уг услалтын системийн барилгын ажлыг Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газар 1976 онд 174 га талбайтайгаар барьж байгуулан ашиглалтад оруулсан байна.


Мөн 2006 онд “Престиж” ХХК уг системийн нэгдүгээр ээлжийн, 2014 онд “Гидро-Фонтан” ХХК хоёрдугаар ээлжийн сэргээн засварлах ажлын зураг төслийг тус тус гүйцэтгэсэн юм.

 

Хүрэн талын услалтын системийг ашиглалтад оруулснаар 477 га талбайн усалгааг бүрэн шийдэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тэлмэн сум нь дулааны хангамж дутагдалтай, ургамлын ургалтын хугацаа богино, хавар орой дулаарч, намар эрт хүйтэрдэг онцлогтой. Мөн дулааны улиралд хур тунадас багатай, цаг уурын хувьд сэрүүн, чийг дутагдалтай нутаг юм.


Харин услалтын системийг бүрэн ашиглалтад оруулж, энэ хавраас ашиглаж эхэлснээр усалгаатай тариалан эрхлэх найдвартай техник, тоног төхөөрөмжийн боломж бүрдэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд бодит дэмжлэг болж байна.


Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал сүргийг өвс тэжээлээр хангахад Хүрэн талын услалтын систем чухал ач холбогдолтой болжээ. Өнөөдрийн байдлаар 64 ногоочин, 3 аж ахуйн нэгж тариалан эрхэлж байгаа бөгөөд өнгөрсөн намар төслийн зүгээс орон нутгийн иргэдийг систем дээр дадлагажуулж, ажиллуулж эхэлсэн байна. Ирэх хавар өнгөрсөн жилийнхээ тариалалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Хүрэн тал услалтын систем

Холбоотой мэдээ