Т.Данаажав: Монгол бичигт дотоод сэтгэлийг ариусгах, хүнийг тайвшруулах хүч бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд сүүлийн 10-аад жил тогтмол оролцож буй ахмад оролцогч Т.Данаажав энэ жилийн уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Т.Данаажав нь хүний их эмч мэргэжлээр 40 гаруй жил ажиллаж, бага насандаа Хөвсгөл аймгийн Галт суманд ааваараа монгол бичгийн анхны цагаан толгойг заалгаж, түүнээс хойш үндэснийхээ бичгийг орхилгүй сонирхон суралцсаар иржээ.
Тэрбээр, “Монголын сайхан бичигтэн-2025” уралдаан жилээс жилд өргөжин тэлж, оролцогчдын тоо нь нэмэгдэхийн хэрээр бүтээлийн чанар, уран сайхны түвшин мэдэгдэхүйц дээшилсээр байна. Ялангуяа хүүхэд, залуучууд олноор оролцож, үндэснийхээ бичгийг урлагийн түвшинд хөгжүүлж буй нь бахархал төрүүлж байна. Монгол бичгээр бичихэд сэтгэл тайвширч, тэнгэрээс хур буух мэт дотоод сэтгэлийг ариусгах чадалтай” гэв.
Т.Данаажав гуай “Монголын сайхан бичигтэн” уралдаанд хичээнгүй бичгийн төрлөөр дагнан оролцдог бөгөөд жил бүр өгсөн сэдвийн дагуух зохион бичлэгийг хичээнгүй сайхан бичихийг зорьдог байна. Энэ жилийн уралдааны сэдэв нь Б.Ринчений “Гүнж” өгүүллэгийн агуулга, уран сайхны онцлогийн тухай байжээ.

Улаанбаатар