“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29-р уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29-р уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг өнөөдрөөс Уран зургийн галерейд олны хүртээл болгож байна.
Үндэсний босоо монгол бичгээ өөрийн болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой уг уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1997 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаагийн уралдаанд АНУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын монгол бичигтнүүд төдийгүй Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлснээс шилдэг 70 бүтээлийг уг үзэсгэлэнд дэлгэжээ.
"Монголын сайхан бичигтэн 2025" олон улсын 29-р уралдааны шагнал гардуулах ёслол болон шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээх ёслол Уран зургийн галерейд энэ сарын 15-нд болно.
Өнөө жилийн уралдааны онцлогуудаас дурдвал, уралдааны найман ангиллын сэдвийг боловсруулахдаа монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, 20-р зууны манлай эрдэмтэн Б.Ринчений уран бүтээлүүдээс сонгожээ. Мөн оролцогчдынх нь хүрээ жилээс жилд өргөжсөөр ирсэн тус уралдаанд өнөө жил анхлан оролцогчдын нэг нь гадаад улсын дипломат албаныхан байсан аж. Тухайлбал, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гурван ажилтан уралдаанд оролцсон бөгөөд Элчин сайд Ричард Буанган монгол бичгийг анхнаас нь бие даан суралцаж буй юм байна.













Улаанбаатар