Оргил руу алхахад бид зөвхөн өндөрт хүрэх биш, өөрийгөө нээдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Намайг А.Эрдэнэтуяа
гэдэг, 65 настай,
таван ач зээтэй. Багшаар 28 жил ажиллаад тэтгэвэртээ суусан эмэгтэй.
Амьдралынхаа өдөр тутмын дадлыг өөрчлөөд 13 жил болж байна.
Анх багшаар ажиллаж байхад минь сургуулийн захиргаанаас эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох зорилтын хүрээнд ямар нэгэн үйл ажиллагааг санаачилж хэрэгжүүлэх үүрэг өгч билээ. Тэр үед бид хамт олноороо алхдаг болъё, олон хүнд ч уриалъя гээд өглөөний алхалт, дасгалыг хийдэг байв.
Ингээд л
2013 оноос хойш өглөөний алхалтыг эхлүүлж байсан түүхтэй. Эрүүл байхыг, илүү
олон жил үр хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг хүн бүр хүсдэг. Гэхдээ үйлдэл
хийдэггүй юм шиг санагддаг. Тиймээс олон хүнийг өглөөний алхалтад уруу татсан даа.
Гэр бүлийнхнээ, хүүхдүүдээ, найз нөхдөө, нутгийнхаа иргэдийг, хөршөө хүртэл алхалтад уруу татдаг юм. Өдөр бүр, хаана ч байсан, 1-2 цагийг өглөөний алхалтад зориулж, 300 орчим хүнтэй хамт алхсан байна. Ямар сайхан нутагт амьдардгаа өдөр бүр мэдэрч, өглөөг өөртөө зориулах нь хамгийн сайхан байдаг.
Алхаж
эхэлснээс хойш бие минь ямар нэгэн зовуурьгүй, өвдөх зүйлгүй, улам л эрч хүчтэй
байдаг болсон. Хамгийн гол нь ямар нэгэн стрессгүй, дотор хүнтэйгээ ярилцаж,
амьдарч буй газраа, хөгжил дэвшлийг, байгалийн сайхныг мэдрэх үнэхээр сайхан
шүү дээ.
Өдөр бүрийн алхалтынхаа сонин хачин түүхийг гэрэл зураг, уриа үгтэй өөрийнхөө нүүр номд хуваалцдаг юм. Олон хүүхэд залуучууд, иргэд үлгэр аваасай гэж тэр шүү дээ. Хурдацтай хөгжиж байгаа нийгэмд хүмүүс бид завгүй болжээ. Бүх юмсыг, бие биеэ анзаарч харах сөхөөгүй байх болсон байна.
Тиймээс
өнөөдрөө анзаарч, хайрлаж, хүн бүрийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч байгаарай
гэж хүмүүст хэлэх дуртай. Өнөөдрийн алхалтын уриа минь “Оргил руу алхах замд
бид зөвхөн өндөрт хүрэх биш, өөрийгөө нээдэг”.
Улаанбаатар