Газын зурвасын зарим бүсэд гал зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-28 14:40:39

ИЕРУСАЛИМ, 2025 оны долоодугаар сарын 28 /Xinhua/. Газын зурвасын зарим бүс нутагт явуулж буй байлдааны ажиллагааг хүмүүнлэгийн үүднээс өдөр бүр 10 цагийн хугацаанд түр зогсоож, тусламж хүргэх коридоруудыг нээж байгаагаа Израилын цэргийнхэн ням гарагт мэдэгджээ. Палестины нутаг дэвсгэрт хүнсний хомсдол улам даамжирч, олон улсын шахалт нэмэгдэж буй энэ үед уг шийдвэрийг гаргасан байна. 


Израилын Батлан хамгаалах армийн мэдэгдэлд дурдсанаар, тус улсын цэргүүд Аль-Маваси, Дейр-эль-Балах мужууд болон Газа хотод өдөр бүр дараагийн мэдэгдлийг хүргэх хүртэл 10:00-20:00 цагийн хооронд цэргийн ажиллагаагаа түр зогсоох аж. НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагуудын хүнс, эмнэлгийн хэрэгсэл хүргэж, тараах ажиллагааг саадгүй явуулах зорилгоор аюулгүй коридоруудыг өдөр бүр орон нутгийн цагаар 06:00-23:00  цагийн хооронд нээхээр болжээ. 


Палестины нутаг дэвсгэрт нүүрлээд буй хүмүүнлэгийн хямралыг бууруулах зорилгоор агаараас хүнсний тусламж хүргэх ажиллагааг дахин эхлүүлснээ Израилын арми бямба гаргийн орой мэдэгдсэн байна. 


Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас бямба гарагт мэдээлснээр, Палестин-Израилын мөргөлдөөний улмаас өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж 127 хүн, тэдний дотор 85 хүүхэд амиа алдаад байна.


Олон улсын зүгээс Израилыг шүүмжлэх нь ширүүсэж, засгийн газрууд болон хүмүүнлэгийн байгууллагууд Газын зурвасыг бүслээд буй Израилын ажиллагааг “хүмүүнлэгийн гамшиг” хэмээн нэрлэж байна.

Холбоотой мэдээ