“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр заржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд боллоо.
Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443.5 сая байсан бөгөөд 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон байна. Тэгвэл дуудлага худалдаагаар “Эхлэл брэнд” компани 9.3 тэрбум төгрөгөөр тус газрыг худалдан авчээ. Дуудлага худалдаатай холбоотойгоор тухайн газрыг худалдаж авсан иргэн долоон хоногт багтаан гэрээ байгуулах бөгөөд гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн хугацаанд төлбөрөө төлснөөр албан ёсоор газраа эзэмших эрхтэй болох юм.
Эргэн сануулахад нийслэлийн
өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн
барилга ашиглалтад ороод 73 жил болсон. Тухайн барилгыг ашиглах боломжгүй гэсэн
мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн сарын 14-нд албадан
чөлөөлж, нураасан билээ.