АНУ дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэх ёстой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-11-03 13:30:57

МОСКВА./TASS/. 2009-2014 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Андерс Фог Расмуссен хэлэхдээ “АНУ-ын хувьд дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж, олон улс оронд дэгдсэн сөргөлдөөнийг зохицуулахын тулд хөндлөнгөөс оролцож байх хэрэгтэй” гэсэн байна.

“Ерөнхийлөгч Обама үүссэн сөргөлдөөнийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэглэхийг төдийлөн хүсдэггүй байсан” гэдгийг тэрбээр дурдаад “АНУ дэлхийн жандарм болох хэрэгтэй, энэ улсын манлайлал бидэнд хэрэгтэй байна” гэжээ.

Расмуссен цааш нь хэлэхдээ “Америкийн Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон байлаа гэсэн шинэ удирдагчийн хувьд олон улсад дэгдсэн сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохоос өөр сонголт байхгүй” гэдгийг онцлон дурдсан байна.

“Хэт их гүрнүүд хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм. Та бүхэн эргэн тойрноо хар л даа. Дэлхий дээр энд тэндгүй гал дүрэлзэж байна. Дайн дажин Сирийг талхин хувааж байгаа бол Ирак улс сүйрлийн ирмэгт иржээ. ОХУ Украин руу дайрч, Дорнод Европыг тогтворгүй болгож байна” гэж Расмуссен хэллээ. Түүний үзэж байгаагаар, Хятад улс "булчин шөрмөсөө гайхуулж", Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж байгаа аж. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын эрхзүй, дэг журмыг сэргээн тогтоож чадах жандарм цагдаа дэлхий дахинд хэрэгтэй болжээ гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан онцолжээ.

Тэрбээр Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялах вий гэхээс сэтгэл түгшиж байгаа аж. “Трамп сонгогдсоны дараа түүний засаг захиргаа ямар алхам хийхийг би хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ түүний хийсэн мэдэгдлүүд нь дэлхий дахинд асар их аюултай байж магадгүй” гэж тэрбээр хэлжээ. Ингэж хэлэх болсны учир нь, Трамп 7 дугаар сард Америкийн хэвлэлүүд өгсөн ярилцлагатай холбоотой аж. Трамп хэлэхдээ “цэргийн зардалтай холбоотойгоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа НАТО-гийн холбоотнуудаа АНУ хамгаалахгүй” гэсэн утгатай зүйл ярьсан байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ