Хилчид үндэсний бичгээ идэвхтэй сурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2024-10-28 18:53:18

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хилчин дайчдын унших дуртай, арвин үүх түүхтэй “Эх орны манаа” сонин монгол бичгээр тусгай дугаар гаргажээ. ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны харьяа тус сонины эрхлэгч, хошууч Ж.Оюун-Эрдэнээс тодруулж ярилцсанаа эрхэм уншигч танаа толилуулж байна.


-“Эх орны манаа” сонины 84 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сониныхоо найман аравны түүхэн замналыг хамгийн товчоор тодорхойлж хэлж өгнө үү?  

-Баярлалаа. Дэлхийн хоёрдугаар дайны сүүдэр тусаж, гоминданы дээрэмчид баруун хил хязгаарт халдаж, ард олон үймэрсэн, түгшүүрт он жилүүдэд “Эх орны манаа” сонин хилчдийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, эрэлхэг баатарлаг үйл хэрэгт хошуучлан манлайлах, нам засагтаа үнэнч болгох зорилгоор анх хэвлэгдсэн нь 1940 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байв.

Сонин маань олон жилийн түүхэндээ хилийн цэргийн салбартаа үнэнчээр үйлчилж ирсний сацуу армийн бусад сонин хэвлэлтэй нэгтгэгдэх, татан буугдах, сэргээн байгуулагдах зэргээр янз бүрийн цаг үеийг даван туулж өнөөг хүрсэн байдаг.

Хамгийн сүүлд гэхэд 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс Хилийн цэргийн ахмадын хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарч, Монголын хилчдийн хэвлэл, байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа” сониныг сэргээн эрхлэн гаргаж эхэлсэн. 2009 онд хилчин, сэтгүүлч, хурандаа Д.Баасанжаргал агсныг сонины эрхлэгчээр томилон бүтэц орон тоог өргөжүүлж, бүрэлдэхүүнийг шинэчлэхэд манай сонины өнгө төрх, нийтлэлийн бодлого, бүтцэд эрс өөрчлөлт гарсан юм. Энэ бол сонины түүхэн дэх үсрэнгүй хөгжлийн он жилүүд байсан. Ер нь, манай сонины түүх маш арвин, баялаг. Хил, хилчдийн түүхийг 84 жил судар мэт баринтагласаар өнөөдрийг хүрсэн түүхээс хамгийн товчоор дурдахад ийм байна.


-Ойн дугаараа монгол бичгээр гаргажээ. Энэхүү санал санаачилга юунаас эхтэй вэ? 

Төрийн байгууллагын албан бичгийг 2025 оноос монгол бичиг, кириллээр хослуулж хөтлөхөөр болсон шүү дээ. Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэн “Эх орны манаа” сонины 84 жилийн ойн дугаарыг монгол бичгээр гаргахаар шийдсэн. Мөн нөгөө талаар хилчид бол хамгийн эх оронч хүмүүс. Тиймээс эх хэл бичиг, соёлоо мөнхөд халдашгүй дархан байлгах үүднээс ойн дугаараа үндэсний бичгээрээ эрхлэн гаргасан.


-Босоо бичгээр эх бэлтгэж гаргахад бэрхшээлтэй зүйл хэр тохиолдов?

-Манай эх бэлтгэгч маш туршлагатай хүн бий. “Эх орны манаа” сонины эх бэлтгэлийн ажил түүний гарт орчихсон хэдий ч анх удаа монгол бичгээр сонины эх бэлтгэж байгаа учраас мэдэхгүй зүйл нэлээд гарсан. Энэхүү түүхэн дугаараа "Хүмүүн бичиг" сонины хамт олны туслалцаа дэмжлэгтэйгээр багахан хугацаанд хэвлэлд шилжүүллээ. Тусгай дугаарын гол агуулгыг дурдвал хил хамгаалах байгууллагын танилцуулга, онцлох үйл явдлууд, Хүннү гүрнээс нааш хил хамгаалалтын товч түүх, Монгол Улсын 14 баатрын тухай, байгууллагын онцлох шагналуудын тухай мөн байлдааны гавьяаны одонт сониныхоо он дарааллын түүхийн хураангуй зэргийг онцолж нийтэлсэн.


-Өмнө нь монгол бичгийн зайн сургалтыг танай сонин нийтэлж байсан санагдана. Хилчид монгол бичгээ хэр сурч байна вэ?

-Бид саяхан сониныхоо нийтлэлийг сайжруулах судалгааг хилчдээсээ авсан. Тэгэхэд санал хүсэлтээ монгол бичгээр бичиж ирүүлсэн хүмүүс ч байлаа. Манай хилчид үндэсний бичгээ идэвхтэй сурч байгаа. Хилчид хилээ манаж байгаа бол Хүмүүн бичиг сониныхон эх хэл, бичиг соёлоо манаж байна. Манай сонин өнөөдөр ч монгол бичгийн цуврал хичээлээ явуулж байгаа.


-Эх орны өргөн уудам нутагт, тэр тусмаа хилчин дайчдад сониноо хэрхэн хүргэдэг вэ?

-Сонин маань хилийн зүг өртөөлөн нисэхдээ маш урт хол зам туулж байж хилчдийнхээ гарт хүрдэг. Хөвсгөлийн тайга, Мэнэнгийн тал, Халхын гол, Халхын баруун өмнөд овоо, Хатан суудал, Баян-Өлгийн шаргалын застав гээд л Монгол Улсынхаа дөрвөн зүг найман зовхист эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаа хилчиддээ очихоор яарч, өнөөгийн манай шуудан, харилцаа холбооны хурдаар урагшилж л явна даа.


-Танай сонины редакцад хэдэн хүн ажиллаж байна вэ?

-“Эх орны манаа” сонины гал тогоо тавуулаа. Бид бүгд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид мөн мэргэжлийн сэтгүүлчид, эх бэлтгэгчид.


-Дараагийн удаад хэзээ монгол бичгээр сонин гаргахаар төлөвлөж байна вэ?

-Цаг хугацааг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хилчид бид эх орноо хамгаалахын зэрэгцээ хэл соёлоо үүрд маналцах үүрэгтэй хүмүүс.


-Хил хамгаалах байгууллага танай сонинтой хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Хил хамгаалах байгууллагын дарга удирдлагууд “Эх орны манаа” сониныг үеийн үед эрхэмлэн уншиж ирсэн. Энэ соёл нь манай байгууллагад хэвшил болсон гэж хэлж болно. Дарга нар маань биднийг маш сайн дэмжиж ажилладагт бид их баяртай байдаг. Мөн хилчин хүн бүр сонинтойгоо хамт байдагт нь талархаад баршгүй. Монгол Улсын хил хязгаар, эх хэл, соёл минь үүрд халдашгүй дархан байх болтугай. 

Холбоотой мэдээ