М.Алекна зээрэнцэг шидэлтийн дээд амжилтыг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-15 10:30:53

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /AFP/. Литвийн тамирчин Миколас Алекна ням гарагт буюу өчигдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн удаан хадгалагдсан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 74.35 метр зайд зээрэнцэг шидсэнээр 38 жил орчмын өмнө тогтоож байсан дээд амжилтыг эвджээ.


2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт 21 настай М.Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон “Oklahoma Throws Series World Invitational” тэмцээний үеэр эл амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Тэрбээр тав дахь оролдлогоороо Германы хөнгөн атлетикч Юрген Шультын 1986 оны зургаадугаар сарын 6-нд тогтоож байсан 74.08 метрийн амжилтыг ахиулжээ.


Ю.Шультын амжилт ням гаргийг хүртэл хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн хамгийн удаан хадгалагдсан дээд амжилтад тооцогдож байв. Уг  амжилт нь эвдэгдээгүй хугацаагаараа Америкийн хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн уртын харайлтын амжилтыг /25 жил 79 хоног/ ардаа орхиж байлаа.


М.Алекна бол 2000, 2004 оны Олимпоос зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль хүртсэн Олимпын хошой аварга асан Виргилиюс Алекнагийн хүү юм.

Холбоотой мэдээ