Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-12 08:50:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн болон техникийн боловсролын  салбарт төрийн болон хувийн өмчийн 69 сургуульд 4168 багш ажиллаж, 38294 суралцагч суралцаж байна.


Монголын багш нарын VIII их хурлын Мэргэжлийн болон техникийн боловсролын  салбар хуралдааны төлөөлөгчид  мэргэжлийн болон техникийн боловсролын санхүүжилтийн шинэчлэл, багшийн хөгжил, арга зүй, “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулганы үеэр нийгмийн бүх талын оролцоо, зөвшилцөлд суурилан гарсан “Боловсролын тунхаглал- 2024”, шинэ зууны багшийн чиг үүрэг, чадамж, хамтын ажиллагааны талаар илтгэл сонслоо. 


ХНХЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан Мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд цогцоороо шилжин ирж боловсролын түвшин бүрийн уялдаа холбоог ханган ажиллах боломж бүрдэж, систем бүтэн болсон. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролыг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, байгууллагын засаглал, менежментийг шинэчлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулан олон улсын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын хугацааг 3 жил болгох ажлыг нэвтрүүлж эхлээд байгаа.  


Ажил олгогчтой хамтран хосмог болон ажлын байран дахь сургалтыг эхлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, багш ажилчдын тасралтгүй хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хагас бие даасан тогтолцоонд шилжүүлсэн. 


Хуралдаанд оролцогчид панел хэлэлцүүлгийн үеэр тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар ярилцан санал хүсэлтээ илэрхийлж салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд илгээн Их хурлын бодлого шийдвэрт тусгуулахаар хэлэлцлээ.




Холбоотой мэдээ