ДУНДГОВЬ: Мэргэжил бүхэн сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-09 16:25:36
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал. Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой учраас төгсөх ангийн сурагчдад мэргэжил бүрийн сайхныг танилцуулах “Миний мэргэжил-Миний ирээдүй” өдөрлөгийг "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-өөс санаачлан зохион байгуулжээ. Тус өдөрлөгт 70 гаруй суралцагч оролцсон байна.


Өдөрлөгт ойн инженер, УЦУОШТ-ийн лабораторийн инженер, дулааны инженер, гэмтэл согог судлалын их эмч, шүдний их эмч, яаралтай тусламжийн их эмч, дотрын их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, эмэгтэйчүүд, эх барихын их эмч, Нэгдсэн эмнэлгийн сувилагч, аймгийн шүүгч, хуульчид оролцож, сурагчдад эзэмшсэн мэргэжлийнхээ тухай, түүний онцлог, энэ мэргэжлийг эзэмшихэд юуг анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, уулзалт хийсэн байна. Түүнчлэн Германы Хэйдэлберг хотын ABB компанид ажилладаг механикийн инженер Р.Майцэцэг цахимаар холбогдож, сурагчдад мэдээлэл өгчээ.


Дундговь аймгийн хувьд салбар бүрд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Тиймээс аймгийн ИТХ-аас “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллах залуу боловсон хүчнийг бэлтгэх, багш нарыг урамшуулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зэргээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.


2024 онд тус аймгийн хэмжээнд 356 суралцагч 12 дугаар ангиа төгсөж, ирээдүйн мэргэжлээ сонгон суралцана. Тиймээс оролцогч хүүхдүүдэд мэргэжил бүхний сайхныг, мэргэжил бүхний онцлогийг таниулж, ирээдүйн сонголтоо зөв хийхэд нь туслах зорилго дор “Миний мэргэжил-Миний ирээдүй” өдөрлөгийг ийнхүү зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ