Оросоос хамааралт байдлаа Унгар улс зогсоох хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-15 14:48:51

БРЮССЕЛЬ, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /Politico/. Унгар улс Оросоос эрчим хүчний эх үүсвэр худалдан авахаа зогсоохын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж Европын Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон мэдэгджээ.


Тэрбээр "Politico" сониноос зохион байгуулдаг “Sustainability Future Week” дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ "эрчим хүчний эх үүсвэр худалдан авсаар байх нь Унгарын зах зээлд манипуляц хийх боломжийг Орост олгож байгааг унгарчууд сайн мэдэж байгаа, ийм хараат байдал үргэлжилсээр байх нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй" гэлээ.


Байгалийн хий экспортолдог Оросын "Газпром" компани өнгөрсөн сард Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Бээжинд хэлэлцээ хийсний дараа энэ өвөл Унгарт нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.


Унгарын талын энэ шийдвэр нь Европын Холбооны /ЕХ/ бусад гишүүн орон, тэр дундаа Оросоос эрчим хүч импортлохоо 2027 он гэхэд аажмаар зогсооход чиглэсэн Словак, Болгар зэрэг орнуудын хүчин чармайлттай эсрэгцэж байна. Оросын цэрэг Украин руу довтлохоос өмнө ЕХ-ны хийн импортын 40 хувийг Орос эзэлдэг байсан бол одоо 10 хүрэхгүй хувь болж буурчээ.


Оросын технологи, цөмийн эрчим хүчийг ашигласаар байгаа бусад гишүүн орнуудад хандан эх үүсвэрээ төрөлжүүлэх төлөвлөгөөг боловсруулах саналыг тавьж байгаа гэж К.Симсон хэлсэн байна. Үүний зэрэгцээ Унгар улс Оросын дэмжлэгтэйгээр "Paks II" цөмийн реакторыг байгуулах ажлыг үргэлжлүүлж байгаад харамсаж байгаагаа тэрбээр мэдэгджээ.


Өнгөрсөн онд Украины эсрэг дайн эхэлснээс хойш ЕХ-ны зүгээс Оросын эсрэг 12 дахь удаагийн багц хориг арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Уг хоригт Оросын шингэрүүлсэн хийг худалдан авахыг хориглох төлөвгүй байгаа хэдий ч Унгартай санал нэгдсэний дараа л бид нэгдмэл байр суурьтай байх болно" гэдгийг К.Симсон хэлжээ.

Холбоотой мэдээ