Уул уурхайн салбарын өсөлт 23.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-10 09:58:09

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарын өсөлт нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт сайжирснаар энэ онд 23.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.


Ирэх онд зэсийн баяжмал, түүн дэх металлын агууламж нэмэгдэх, газрын тос, төмрийн хүдэр, алтны үйлдвэрлэл эрчимжих ч 2023 оны өндөр өссөн суурь үеийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт саарах магадлалтай. Зэсийн баяжмалын олборлолт 2025 оноос эрчимжих нь уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх хүлээлттэй байгааг Монголбанкнаас гаргасан есдүгээр сарын инфляцын тайланд тэмдэглэжээ.


Харин уул уурхайн бус салбарын өсөлт энэ онд 3.4 хувиар өсөхөөр байгаа аж. Тодруулбал, тээвэр, мэдээлэл холбоо, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх бол бусад салбарын өсөлт өмнөх оныхоос саарах хандлагатай. Нүүрсний экспортын эрчимжилтийг дагаад тээврийн салбарын өсөлт нэмэгдэх, шинэ үүрэн холбооны операторын үйл ажиллагаа тэлж, мэдээлэл холбоо, цахилгаан, усан хангамж нэмэгдсэнээр эрчим хүчний салбарын өсөлт өмнөх оныхоос сайжрахаар байна.


Түүнчлэн “Шивээхүрэн-Сэхэ” чиглэлийн бичил төмөр замыг барьж байгаа ч бусад төмөр зам, орон сууцны томоохон төслүүд өмнөх онд хэрэгжиж дууссан тул барилгын салбарын өсөлт өмнөх оныхоос буурах хүлээлттэй. Ирэх онд цаг агаарын нөхцөл байдал хэвийн байвал хөдөө аж ахуйн салбарын өсөлт сэргэх, төсвийн төлөв үргэлжлэн суларснаар уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэхээр байна. Харин хөрөнгө оруулалт 2025 оноос хумигдах, төсвийн төлөв чангарах нь уул уурхайн бус салбарын идэвхжил саарах нөлөөг үзүүлэхийг тайланд дурджээ. 

Холбоотой мэдээ