ДАРХАН-УУЛ: Кинонд ээлтэй Дархан-Соёлын сэргэлт аяны эргэн тойронд

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2023-09-25 13:56:57

Дархан /МОНЦАМЭ/. Социалист нийгмийн үед соёлын довтолгоо өрнүүлж айл өрх бүрийг соёлд сургаж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэхийг уриалж байсан түүхтэй. Нийгэм солигдож тэр бүхэн түүх болж зарим хэсэг нь дэлгэцийн бүтээл болон үлдсэн.




Хүн төрөлхтөн соёлт иргэншилд шилжин нийгмийн өнгө давхарга солигдож орчин үеийн шийдэл, дэвшилтэт технологид суурилсан бүх зүйл гэрлийн хурдаар өрнөж байна. Энэ бүхнийг бодитоор нь авч үлдэх түүхэн баримт бол гэрэл зураг, нөгөө талдаа дэлгэцийн бүтээл уран сайхны кино юм. 


Соёлын сэргэлт аяны хүрээнд Дархан-Уул аймгийн удирдлагууд кинонд ээлтэй хот болох уриалгыг дэвшүүлж бүхий л талаар дэмжиж ажиллахаар болсон юм. Нүд баясаж, сэтгэл сэргээсэн үйл явдал энэ өдрүүдэд Дархан хотод өрнөж байна.


Соёлын сэргэлт аяны нээлтэд зориулан "Монгол кино нэгтгэл" ТӨҮГ-аас “Дархан-Кино урлаг” үзэсгэлэнг дэлгэлээ. Залуучууд театрын нэгдүгээр давхарт уран сайхны болон баримтат кино бүтээж байсан хэрэглэгдэхүүн, түүхэн зураг, эд, хэрэглэлийг дэлгэсэн үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.







Кинонд ээлтэй хот уриан дор зохион байгуулж буй уг аяны хүндэтгэлийн тайзнаа Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлсэн үгэндээ: "Аймаг бүр Соёлын шинэ орон зай үүсгэх ёстой. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн соёлын салбарт 500 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн тайз, дэлгэцийн тоног төхөөрөмж шийдвэрлэж өгөхөөр боллоо. Дархан хот Монголын Холливудын буюу кино урлагийн төв болох боломжтой" гэдгийг онцоллоо.