Тэргүүн хамба лам Д.Чойжамц “Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн бурхны шашны хүндэт шагнал” гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд энэ сарын 8-нд зочиллоо.
Гандан хийд зочид төлөөлөгчдийг цамын бүжгээр угтан авч хүндэтгэл илэрхийлсэн юм. Зочид төлөөлөгчид Батцагаан их цогчэн дуганд зочилж Бурхан шүтээнд хүндэтгэл илэрхийлэн мандал өргөлөө. Үргэлжлүүлэн төр түмний их шүтээн Жанрайсигийн дуганаар зочилж мөргөл үйлдсэн юм.
Энэ үеэр БНЭУ-ын Парламентын Лок Сабха-гийн дарга Ом Бирла Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт Хамба номун хан Д.Чойжамц гавжид бурхны шашныг дэлгэрүүлэх, Энэтхэг-Монголын оюун санааны харилцааг хөгжүүлэхэд оруулсан идэвх зүтгэлийг үнэлж “Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн бурхны шашны хүндэт шагнал”-ыг гардуулан өглөө.
Хичээнгүй зүтгэлт Хамба Номун хан Д. Чойжамц гавж 1992 оноос өнөөг хүртэл тэргүүн их хамба ламын албан үүргийг хашихын зэрэгцээ НҮБ-д бүртгэлтэй цорын ганц Бурхны шашинтнуудын энх тайвны хөдөлгөөн болох Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, БНЭУ-д төвтэй Олон улсын Бурхны шашинтнуудын холбооны Ивээгч, Япон Улсад төвтэй Дэлхийн Бурхны шашинтнуудын дээд хэмжээний чуулганы ерөнхийлөгч зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудыг манлайлан удирдаж Монголын бурхны шашин соёлыг дэлхий дахинд таниулж ирсэн билээ.
БНЭУ-ын Парламентын Лок Сабха-гийн дарга Ом Бирла Энэтхэг Монгол хоёр улсын харилцааг өдийг хүртэл хөгжүүлэн, харилцан бэхжүүлэх, Азийн бүс нутагт оюун санааны эв найрамдалтай харилцааг эрхэмлэхэд монголын бурхны шашинтнуудын үүрэг, хичээл зүтгэл их байсныг онцлов.
Түүнчлэн тэрбээр Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Хамба номун хан, хичээнгүй зүтгэлт Д.Чойжамц нар хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын тухайд ярилцан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцсон юм.