ӨВӨРХАНГАЙ: Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
Лавлагаа шатлалын мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, тархины харвалт, зүрхний шигдээс, мэдрэл, бөөр, дотрын өвчлөлөөр үзлэг оношилгоо хийж байгаа юм. Өвөрхангай аймгийн хувьд зүрх судасны өвчлөл, цус харвалт, элэгний хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж улсын дунджаас илүү үзүүлэлттэй байгаа. 2022 оны байдлаар нийт нас баралтын 253 буюу 49.5 хувь нь зүрх судас, 145 буюу 28.5 хувь нь хавдрын өвчлөл бүртгэгджээ.
Өвөрхангай төдийгүй Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил зонхилон тохиолдож байгаа зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа аж.
Үзлэг, оношилгоо 6 дугаар сарын 22, 23-ны өдөр үргэлжлэх бөгөөд аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, Арвайхээр сумын өрхийн ЭМТ-үүд дэмжлэг үзүүлж, “Хаан банк сан” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжилтийг бүрэн хариуцан ажиллаж байна.