Иргэдээс санал авах цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-12 00:01:34

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас эрхлэн аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс санал авах долоон нээлттэй хэлэлцүүлгийг цувралаар  зохион байгуулан явуулж байна.

Баасан гарагт Дархан сумын иргэд оролцсон хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл дэд бүтэц, Хууль зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Энэ удаа нийгмийн салбарт чиглэсэн сэдвээр зохион байгуулж тус сумын багуудын төлөөлөл 50 гаруй иргэн оролцож санал бодлоо илэрхийллээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн нийгмийн бодлогод нийт 31 зорилтыг тусгажээ. Тухайлбал: Боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлэн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж соёл урлаг, спортыг дэмжин хөгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, математик, байгалийн ухааны шинжлэлд суурилсан STEM олон улсын төвшний ахлах сургууль байгуулах. Төрийн өмчийн бүх сургуулиуд бага, суурь, ахлах боловсролын сургуулиудын хэв шинжид бүрэн шилжиж сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлэх зэрэг багц асуудлууд оржээ. Мөн төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг сайжруулж, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж хэрэгжилтийг нь хангах зэрэг 9 зорилттой.

Хэлэлцүүлэгт оролцогчид тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, эдийн засгийн нөхцлийг ул суурьтай судлаж ажлын байр нэмэгдүүлж их дээд сургууль дөнгөж төгссөн шинэ боловсон хүчнийг орох нутагтаа ажиллах нөхцлийг хангах зэрэг олон санал гаргалаа.

                                                                                                                         Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ