Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын зарим компанийг оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-07 09:48:36

ВАШИНГТОН. /treasury.gov/. АНУ-ын Сангийн яам Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтдаа Хятадын долоон иргэн, зургаан компанийг оруулжээ.


"Өнөөдөр АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгийн хяналтын газар Ираны баллистик пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан Иран, БНХАУ, Хонконгийн долоон иргэн, зургаан компаниас бүрдсэн сүлжээнд хориг арга хэмжээ авлаа" гэж тус яамны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.


Сангийн яамны мэдээлснээр, уг жагсаалтад орсон хүмүүс Иранд "баллистик пуужинг зохион бүтээхэд оролцож буй гол хүмүүст чухал мэдээлэл, технологийг" олж авахад нь тусалсан байна. Тодруулбал, Иранд центрифуг, электрон хэрэгсэл зарсан гэж үзэж байгаа Хятадын компаниуд болон тэдэнтэй холбоотой хүмүүс хоригийн жагсаалтад багтжээ. Уг худалдан авалтыг Бээжин дэх Ираны цэргийн атташе зохицуулж байсан бөгөөд түүнийг мөн энэхүү жагсаалтад оруулсан аж.


Хориг арга хэмжээний жагсаалтад орно гэдэг нь АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэд, компаниудыг хоригт орсон этгээдүүдтэй бизнес хийхийг хориглоно гэсэн үг юм.

Холбоотой мэдээ