Монгол, Чех Улсын Гадаад харилцааны сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-12 17:40:45

ПРАГА. /MFA of the Czech Republic/. Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Чех, Монгол Улсын сайд нар хоёр орны харилцааг нааштайгаар үнэлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.


"Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дараагийн хуралдаанаар цаашдын худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Энэхүү уулзалт ирэх намар Улаанбаатар хотод болох бөгөөд бид түүхий эдийн бодлого, уул уурхайн салбарт голлон анхаарна" гэж Чех Улсын дипломат албаны тэргүүн уулзалтын эхэнд хэллээ.


Сайд Я.Липавский Монгол Улсад зорчих Чехийн жуулчдын визийн журмыг цуцалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг сайшаав. "Монгол Улс 2024 оноос эхлэн Чех Улсад тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж эхлэх гэж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс Чехийн  Засгийн газрын Чадварлаг ажилтан хөтөлбөрт нэгдэж байгаад би баяртай байна. Ийнхүү Монгол Улсын иргэд Чех Улсын амжилтад хувь нэмрээ оруулж байна" гэж тэрбээр хэллээ.


Чех бол хамгийн олон монгол хүн амьдардаг Европын Холбооны улс бөгөөд Солонгос, АНУ-ын дараа гуравт ордог.


Мөн энэ оны зургаадугаар сараас Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийхээр болсныг Б.Батцэцэг сайд дурдлаа.


Чехийн Гадаад хэргийн сайд Монгол, АНУ-ын хамтран зохион байгуулдаг "Хааны эрэлд" цэргийн сургуульд энэ жил тус улсын армийн ажиглагчид оролцоно (2016 оноос хойш анх удаа) гэдгийг баталж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд техниик хэрэгсэл нийлүүлэх Чех Улсын сонирхол хэвээр байгааг нотлов.


Мөн Монгол Улсын ойжуулах төсөл болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Тахийг эх нутагт нь нутагшуулах" төслүүдэд үргэлжлүүлэн оролцоно. Тэрбээр энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа Монгол Улсын сайдад илэрхийлэв. 

Холбоотой мэдээ