ЗАВХАН: Хэлэлцүүлэгт 400 гаруй иргэн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймагт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болж 400 гаруй иргэн
оролцжээ.
Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах зорилготой хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж байна.
Завхан аймагт Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг ажиллаж иргэдээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын алба хаагчид болон 400 гаруй иргэн оролцож үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцож буй иргэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлэхээс гадна, төрийн бодлого шийдвэртэй холбоотой асуудлуудыг хөндөж санал сэтгэгдлээ илэрхийлэв.
Тухайлбал, Улиастай сумын Жинст багийн иргэн н.Наранхүү: УИХ-ын гишүүдийн тоо нэмэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, гишүүдийн тоог 152 болгосноор гишүүдийн
туслах, ажлын албад, бусад үйл ажиллагаанд ихээхэн зардал шаардана. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болохоор Монгол Улс төсвийн боломжтой болчихдог. Харин
багш, эмч нарын цалинг нэмэх гэхээр
төсөв мөнгө нь хүрэлцэхгүй болчихдог хандлагаа өөрчлөх шаардлагатай
байгааг онцолж байсан гэж аймгийн
ЗДТГ-аас мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-д суудалтай гурван намын
төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулжээ.
Хуулийн төсөлд туссанаар нэгдүгээрт, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгажээ. УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэдэг. Холимог системийн дагуу сонгууль зохион байгуулахыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа аж. Мөн нэр дэвшигчдийн доторх хүйсийн харьцааг 30 хувь болгох. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа уг босго 20 хувьтай байгаа юм.