Мөрдөн байцаагчид 70 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-06 13:18:57

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгийн хамт олон 70 жилийн ойтойгоо золгож байна.

Тэд олон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Мөрдөн байцаах газар, Цагдаагийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг хангаж, бусад албадтайгаа мөр зэрэгцэн ажиллаж, өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэн, ажлын амжилт бүтээл арвинтай түүхэн ойгоо угтжээ.

Өнөөдөр тус албыг цагдаагийн хошууч С.Батжаргал удирдаж, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах хэсэг, Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөн байцаах алба гэсэн бүтэцтэйгээр орчин үеийн техник хэрэгсэл, чадварлаг, мэргэшсэн алба хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг нь 2001 оноос хойш улс бүсийн хэмжээнд тогтмол эхний гурван байрт шалгарч, 2009, 2012 онуудад Мөрдөн байцаах газрын “Улсын тэргүүний тасаг”-аар, 2010 онд Цагдаагийн газрын “Тэргүүний тасаг”-аар тус тус шалгарчээ. Тус хамт олон дотор “Цэргийн гавьяаны одон”-т 1, “Байлдааны гавьяаны одон”-т 2, “Цэргийн алдар” медальтан 5, ”Хүндэт чекист” 1, “Цагдаагийн алдар” тэмдэгтэн 2, “Цагдаагийн гавьяа“ тэмдэгтэн 6 төрсөн байна. Олохын эрдмээр оюунаа чимсэн гавьяатнууд дотроос мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Гансүх Улсын мөрдөн байцаах газрын “Хамгийн шуурхай мөрдөн байцаагч”-аар, цагдаагийн ахмад П.Баярбат Улсын Мөрдөн байцаах газрын “Шилдэг мөрдөн байцаагч”, цагдаагийн ахмад Б.Бадрал Мөрдөн байцаах газрын “Шилдэг мөрдөн байцаагч”-аар, цагдаагийн ахлах дэслэгч А.Тэмүүжин Мөрдөн байцаах газрын “Шилдэг мөрдөн байцаагч”-аар тус тус шагнуулсан байна. Түүнчлэн тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, цагдаагийн дэд хурандаа Ц.Энхбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Буянт, цагдаагийн ахмад Т.Цэрэнбат нар “Аймгийн тэргүүний хуульч”-аар шалгарч байжээ.

Түүнчлэн Цагдаагийн газрын ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн аварга ажилтнаар цагдаагийн ахмад С.Гантулга, цагдаагийн ахмад С.Батжаргал, цагдаагийн дэслэгч Т.Гэрэлт-Од, цагдаагийн ахмад Б.Бадрал, цагдаагийн ахмад П.Баярбат, цагдаагийн ахмад Г.Энхтулга, цагдаагийн ахлах дэслэгч Н.Наранбаатар нар тус тус шалгарч, дуудлагын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Баярмагнай Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож “Энхийн төлөө медаль”, “Дотоодын цэргийн алдар” тэмдэгээр энгэрээ мялаасан гавьяатай мөрдөгчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ