ӨМНӨГОВЬ: Энэ онд цэвэр, бохирын шугамд 1300 өрхийг хөнгөлөлттэй үнээр холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-13 14:37:18

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд айл өрхүүдийг цэвэр, бохирын шугамд холбох ажлыг энэ онд эрчимтэй хийнэ.

 

Тодруулбал, Цэгцтэй гэр хороолол хөтөлбөр”-ийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръяаян өрнөж иргэдийн хүсэлтийн дагуу цэвэр, бохирын шугамд холбоход дэмжлэг үзүүлэх төсөл үе шаттай хэрэгжих юм. Тус төсөлд 15 сумын  1300 айл өрхийг хамруулахаар төлөвлөжээ.

 

Иргэд энэхүү төсөлд хамрагдахын тулд газрын гэрчилгээ, цэвэр бохирын шугам оруулах үл хөдлөхийн гэрчилгээ, чанарын хянан баталгаа, гар өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, Эскиз зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтээ хүргүүлнэ.

 Өмнөх онд Даланзадгад сумын хэмжээнд 300 өрхийг хамруулах төлөвлөгөөтэй байсан ч 130 гаруй өрхийг цэвэр бохирын шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн юм.  Харин 2023 онд 15 сумын хэмжээнд тус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2.7 тэрбум төгрөгийг баталсан байна.


Гэр хорооллын айл өрхүүд цэвэр бохирын шугамд холбогдсоноор модон жорлонгоос татгалзаж, орчны ариун цэвэр, хөрсний бохирдол зэргээс хамгаалагдах бөгөөд өрх бүр хашаандаа мод тарих боломж бололцоо нэмэгдэх зэрэг давуу тал боломжууд нээгдэх аж.

 

Цаашдаа гэр хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг нэмэгдүүлж, иргэдээ хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангаж ажиллахаар тодорхой ажлуудыг  төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ