ӨМНӨГОВЬ: “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-09 17:02:17

Даланзадгад  /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” дэд хөтөлбөрийн хүрээнд “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөр хэрэгжиж байна.

 

Тус хөтөлбөр нь иргэдийг ая тухтай, цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг өөрсдийн оролцоотой сайжруулах зорилтыг дэвшүүлэн ийнхүү 2 дахь жилдээ зарлагдаж байна.

 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 15 сумын хэмжээнд иргэдийн материалыг 2023 оны 4 дүгээр сарын 3-ныг хүртэл авч 2023 оны 4-р сарын 17-нд  шилдэг 40 өрхийг шалгаруулан, тус бүрд 3 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоно.

 

Тухайн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өрхүүдэд тавигдах шаардлага нь хувийн эзэмшлийн хашаагаа тохижуулах, амьдрах орчноо сайжруулах туршлагатай, чин хүсэл эрмэлзэлтэй байх, тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд 10-20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг буцаан төлөх юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд иргэд хувийн эзэмшлийн хашаандаа мод, зүлэг, цэцэг тарих, зам талбай, сүүдрэвч зэрэг бусад тохижилтуудыг барьж байгуулах боломжтой.

 

Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт хөтөлбөр нь 2022 онд зөвхөн Даланзадгад сумын хэмжээнд зарлагдаж байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж Өмнөговь аймгийн нийт сумыг хамруулан зохион явуулж байгаагаараа онцлог юм. 

Холбоотой мэдээ