ХЭНТИЙ: СӨБ-ын багш, ажилтнууд санал хүсэлтээ илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-02 10:43:07
Чингис /МОНЦАМЭ/ УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд энэ сарын 1-нд Хэрлэн сумын СӨБ-ын 110 шахам багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хэрлэн сум төр, хувийн хэвшлийн нийт 12 цэцэрлэг 300 гаруй багш, ажилтантай. Тэднийг төлөөлж, Хэрлэн II цэцэрлэгийн Арга зүйч С.Оюунгэрэл хэлэхдээ "Цэцэрлэгүүдийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо алдаатай байна, учир нь хуваарилагдсан төсөвт илүү цагийн нэмэгдэл хүрэлцэхгүй байгаа учраас эргэж харахыг хүслээ. Мөн 50-иас дээш насны багш нарыг цэцэрлэгийн хүүхдүүд эмээ, өвөө нараар авгайлан дууддаг, тиймээс тэтгэврийн зохицуулалт бий юу, өвлөгддөг тэтгэврийн хуулийн төслийг дэмжиж байна, улсад 25-аас дээш жил ажилласан багш нарт цалингийн нэмэгдэл олгогдоогүй" зэрэг нийтлэг тулгамдаж буй асуудлыг эмхэтгэн өргөдөл хүргэлээ.
Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэг, Б.Энхтуяа, Б.Ариунаа нар хоолны мөнгө, цэцэрлэгийн норматив, багш нарын амралтын төсөв, тоног төхөөрөмжийн талаар санал хэлж, СӨБ-д эмчийн шаардлага тулгардаг, үүнийг хуульчлах хэрэгтэйг чухалчлав.
Ахмад багш н.Баяраа цэцэрлэгийн багш нар 30-50 хүүхэдтэй өдрийн турш тулж ажилладаг, сургуулийн амралтын үеэр СӨБ-ын багш нарыг амраах зохицуулалт хэрэгтэй зэрэг саналыг уламжиллаа.
Холбоотой мэдээ