ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Аймгийн ИТХ-д аймгийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-25 14:44:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-д аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барилаа. Ирэх жил аймгийн төсвийн орлогыг 18,4, төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 40,0 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт:

- Төсвийн төсөлд хэд хэдэн онцлог бий. Төрийн хэмнэлтийн хуулийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн төсвийг боловсруулсан. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Орон нутгийн түвшинд төвлөрөл сааруулах чиглэлээр иргэд, төрийн албан хаагч орон нутагт шилжин суурьшиж ажиллавал тэдний цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангах зорилгоор зарим суманд орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг суурь түвшинд 20,0 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүүгийн боломжийн хүрээнд цалинг 80,0 хүртэл хувь нэмэгдүүлэх бололцоотой. Манай аймгийн хувьд суурь түвшинд цалинг 20,0 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэж ярилаа.

Холбоотой мэдээ