ӨВӨРХАНГАЙ: Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Катерин Ивкофф Арвайхээрт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-30 11:38:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Канад сангийн дэмжлэгээр Өвөрхангай аймагт “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлсэн.  

Өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Катерин Ивкофф, Азийн сангийн Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн захирал Триша Төрболд нар Өвөрхангай аймагт ажиллаж, төслийн хүрээнд зохион байгуулсан ажлуудтай танилцаж байна.

Тухайлбал, аймгийн удирдлагуудтай санал солилцож, Өвөрхангайд үйлдвэрлэв төв, Бизнес инкубатор төв, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.

Өвөрхангай аймгийн албан бус салбарт 13 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд аж. “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл” нь эмэгтэйчүүдийг хувь хүний болон бизнес хөгжлийн сургалтанд хамруулах, орон нутгийн нийгэм, эдийн засагт оролцоо, манлайллыг сайжруулах зорилготой бөгөөд Өвөрхангай аймагт уг төсөл хэрэгжсэнээр эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сургагч багш нар бэлтгэгдэж, Иргэний нийгмийн байгууллагууд чадавхижиж байна. Цаашид эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг туршина" хэмээн аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах хэллээ.

Холбоотой мэдээ