Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-21 22:54:05

Төв /МОНЦАМЭ/ “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт тус аймгийн 22 сумын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн 82 төлөөлөл оролцлоо. 

Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил- баялаг бүтээгчдээ дэмжих” жил болгон зарласан бөгөөд өмнө нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж 600 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жил 1 тэрбум болж өссөн нь ихээхэн дэмжлэг болох тухай албаныхан онцоллоо.  

Одоогоор Зээлийн батлан даалтын санд баялаг бүтээгчдийг батлан даалттай зээлээр дэмжих 50 тэрбумын нөөц боломж бий. Тус хэлэлцүүлгээр орон нутгийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс олон саналыг гаргасан бөгөөд Төв аймагт газар тариалан, хөдөө аж ахуйн баялаг бүтээгчид зонхилдог ба энэ салбарт зээл авах хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байсан юм.

Мөн тус аймагт нэг чиглэлийн үйлдвэр үйлчилгээ олширч, зарим нь алдагдалтай ажилладаг тул сум тус бүрийн үйлдвэрлэлийг төрөл төрлөөр нь дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Цаашид орон нутгийн холбогдох албан тушаалтнууд судалгаа шинжилгээг эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг зах зээлтэй нь холбох гүүр болохоор зорьж буйгаа хэллээ. Мөн хүнсний асуудлыг хөндсөн бөгөөд орчин үед хүнсэндээ цагаан идээ хэрэглэх нь эрс багассан ба дэлхийн улс орнуудтай харьцуулахад 5 дахин бага хэрэглэдэг гэх судалгаа гарсан. Сүү цагаан идээнд тэжээлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрүүд нөлөөлдөг тул энэ салбарт анхаарч зээл олгох нь чухал гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ