Энэ жил Завханы гурван суманд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлнэ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-04-11 16:41:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв, Улиастай суманд 25 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилгын ажил тавдугаар сард эхэлнэ. 

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Улиастай суманд 25 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Тосонцэнгэл суманд 30 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Алдархаан суманд таван мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцууд барина.

Мөн "Арц суурь-Шивээ хүрэн" чиглэлийн төмөр зам, Нөмрөг, Түдэвтэйн төв замаас Арц суурь хилийн боомт хүртэлх 167 км хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 190 км хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам, Улиастай сумын төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд энэ жил өрнөнө. Завхан аймаг нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 70 гаруй хувийг төвийн эрчим хүчнээс, 30 хувийг нь Тайширын усан цахилгаан станцаас хангадаг. Тус аймаг эрчим хүч, дулааны цахилгаан станцгүйгээс эдийн засаг хоцрогдолтой байсан. Тэгвэл дээрх бүтээн байгуулалтууд өрнөж, ашиглалтад орсноор эдийн засагт чухал нөлөөтэй төдийгүй иргэдийн амьдралд хэрэгтэй, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэх юм.

Харин Улиастай суманд 30 гаруй жижиг уурын зуухнууд дулаанаар хангадаг. Үүнийгээ дагаад агаарын бохирдол ихтэй байсан. Харин нэгдсэн дулааны станцтай болсноор иргэд дулааныг хямд өртгөөр хэрэглэх, агаарын бохирдол буурах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх гээд давуу талууд бий гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ