Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, өнгөрсөн долоо хоногт залуучуудаас Засгийн газарт 15 хүргүүлсэн шаардлагын талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол Улсын иргэд байгуулсан төр, засгаасаа хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг” гээд үндэсний аюулгүй байдал, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллахыг хүсэв. Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатайг мөн онцлов. Түүнчлэн төсвийн тодотгол хийн тэвчиж болох зардлыг хэмнэхтэй холбоотой хуулийн төслийг нэн даруй хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдээ өргөжүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулахын төлөө байгаагаа илэрхийллээ.