Жангар жүжиг "Гэгээн муза-16" наадмын алтан цомын төлөө өрсөлдөнө

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-04-05 17:51:16

Завхан/МОНЦАМЭ/. Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн муза-16" олон улсын театрын наадамд тус аймгийн театрын уран бүтээлчид Жангар хүүхдийн жүжгээр алтан цомын төлөө найман номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.


Бид 2020 оны нэгдүгээр сараас “Жангар” хүүхдийн жүжгийг тайзнаа туурвихаар төлөвлөн бэлтгэл ажилдаа орж байсан. Цар тахлын улмаас тодорхой хугацаанд зогсож, энэ онд тайзнаа тавиад буй бүтээл юм. Жангар туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Жүжгийг орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маяг, багт театрын төрлөөр тайзнаа амилуулаад байгаа. Өнгөрсөн сарын эхээр манай Жангар жүжиг “Гэгээн муза-16” олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Өнөөдөр бид “Гэгээн муза-16” наадмын алтан цомын төлөө өрсөлдөхөөр боллоо. “Жангар” хүүхдийн жүжгийн уран бүтээлчдэдээ амжилт хүсье гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ