Сэлэнгэ аймагт бүртгэлтэй 650 гаруй жижиг, дунд бизнес эхлэгч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-27 13:10:34

Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтыг дэмжих хоёр жилийн хугацаатай АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төслийн Сэлэнгэ салбарын нээлтийн үйл ажиллагаа Модерн Номадс ресторанд боллоо.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ, хөдөлмөрийн хэлтэс, жижиг, дунд үйлдвэрлэлийн хэлтэс, Хаан Банк, Хас Банк, Төрийн Банк, Голомт Банк, Капитал Банк зэрэг арилжааны банкнуудын төлөөлөл болон Сэлэнгэ аймгийн жижиг, дунд бизнесүүдийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү Сэлэнгэ салбарын нээлтийн үйл ажиллагаа нь “REACH” төслийн танилцуулгаар эхэлж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлээр үргэлжлэв. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж:“Сэлэнгэ аймагт бүртгэлтэй 650 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг. Эдгээр ЖДБ-ийн дийлэнх хувь нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жижиг, дунд бизнесүүдэд хамгийн их санхүүжилтийн асуудал, банк санхүүгийн байгууллагаас тавьж буй шаардлагыг хангах чадвар дутмаг зэрэг олон асуудлууд тулгардаг болох нь өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн захиргаанд ирсэн саналд бүртгэгдсэн байдаг. REACH төсөл манай аймагт хэрэгжсэнээр ЖДБ-д тулгарч буй эдгээр асуудлуудыг шийдэхэд туслах болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн банкнуудын төлөөллүүд цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ. Хаан Банкны Бизнес хөгжлийн менежер Б.Эрдэнэ-сайхан:“Манай банк үйл ажиллагааныхаа хүрээнд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Бид энэхүү “REACH” төсөлтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Уг нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн аймгийн жижиг, дунд бизнесүүдийн захирал, төлөөллүүд “REACH” төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаад сэтгэл өндөр байлаа. Энэ үеэр “Цаст Булган Хайрхан” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Сэлэнгэ хэлэхдээ “Манай аймгийг сонгон авч, бидний бизнесийг дэмжин ажиллах гэж байгаад баярлалаа” хэмээв.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ