Б.Дашгомбо: Утсан наамал нь миний бодол санаанаас ургаж гарсан гар урлалын төрөл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-17 12:49:20

Баянхонгор /МОНЦАМЭ/.  Баянхонгор сумын 4 дүгээр багийн өндөр настан, ахмад багш Б.Дашгомботой уулзаж, түүний 20 гаруй жил хийж бүтээж ирсэн утсан наамал гэх урлалынх нь талаар ярилцлаа.


- Бүтээлээ хийх санаа сэдэл төрсөн үеэс тань яриагаа эхэлье.

- Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, Бөмбөгөр суманд олон жил багшилсан ахмад багш хүн. Тэнд ажиллаж байхдаа 1999 оны хавар хөдөө айлд оччихоод буцаж явах замдаа мал усалж байсан худгаар өнгөрч яваад түр саатсан юм. Тэгээд ажих нь ээ саяхан хэдэн мал услаад явсан шинжтэй. Тэгэхэд ямаанд наалдаж ирээд, ус уух явцад үлдсэн болов уу гэмээр яргуй худгийн усан онгоцон дээр наалдаад үлдчихсэн байсан юм. Бас түүний хажууханд адууны бүдүүн хялгас наалдаж хоцорсон байсан. Тэр дэлбээ, хялгас хоёрыг хараад ийм гоё тунарсан өнгөтэй юмыг утас хялгасханаар ч хийж болох юм байна шүү гэж бодоод гэртээ очоод зүү утасны саваа төнгөчиж, байхгүй өнгөө цуглуулсаар бүтээлээ эхлүүлсэн түүхтэй.

- Түүнээс өмнө та утсан наамал бүтээл энд тэнд харж байв уу. Оёдлын энгийн утас л ашигладаг хэрэг үү?

- Үгүй ээ, энд тэнд огт харж байгаагүй. Миний л бодол санаанаас ургаж гарсан төрөл зүйл гэж хэлж болно. Бүтээлдээ ашигладаг утасны хувьд жирийн л оёдол, үйлийн утас /өнгө өнгийн оёдлын утас дэлгэж үзүүлэв./ байдаг юм. Энгийн даавуун, мяндсан, нэхмэлийн зэрэг утас ашигладаг. Өөр хоорондоо ялгаатай. Даавуун утас цавуу сайн даана, гоё наалдана. Бүтээл дуусахад өнгө жаахан бүрсгэр, бүдэг харагдана. Харин мяндсан буюу нейлонтой утас муу наалдана, гөжүүд. Тэгсэн хэрнээ үзэмж сайтай.

- Ямар цавуу ашигладаг вэ?

- Эхлээд монгол шар цавуу буцалгаж үзсэн. Үнэр ихтэй, утасны өнгийг хувиргаад дараад байдаг юм билээ. Хятад шар цавуугаар үзсэн. Хордчих гээд хэцүү. Олон олон туршилтын дараа, одоо бол цаасны тарган цагаан цавууг бүтээлдээ ашигладаг болсон.

- Бүтээлээ хийх дарааллыг танилцуулаач?

- Бүтээлийнхээ санааг олоод зургаа зурна. Зурсан зурган дээрээ цавуугаа утас наах хэмжээний нарийн түрхээд л наана даа. Ширхэг ширхгээр наадаг.

- Тантай ижил төрлийн урлал хийдэг хүмүүсийг судалж үзсэн үү?

- Монголд бол би л юм уу гэж бодоод байгаа. Хүүхдүүд ч нэлээд судалж өгсөн. Яг ийм ширхэг ширхгээр утас нааж хийдэг урлалын хүнийг одоохондоо олж мэдээгүй л байна шүү. Дэлхийд гэвэл Японд нэг хүн дуулдаж байсан, бурхан болсон юм шиг байна лээ. Өмнөговь аймагт нэг хүн дуулдсан. Гэхдээ тэр хүний арга технологи нь өөр юм билээ. Утсаа хөвчихөөд багцаар нь барьж байгаад нэг талыг нь наалдуулж хийдэг, хивс маягтай бүтээл хийдэг гэсэн. Минийх бол утасны ширхэг бүр цавуутай наалдаж, тууш маягтайгаар бүтдэг.

- Энэ төрлийн урлалаа өвлүүлж үлдээж байгаа шавь бий юу?

- Уг нь тэр дээр их анхаарсан. Монгол Улсын Гавьяат багш, Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал н.Цэрэндоржид захидал бичээд, бүтээлээ илгээсэн юм. Ийм зүйл хийж байгаа, зөвлөгөө өгөөч ээ гээд. Хариуд, Чи их мундаг хүнд ажил хийж байгаа юм байна. Зах зээлийн энэ нөхцөлд бүтээл хурдан гардаг, хурдан борлогддог, эргэлт хурдантай төрлийнх биш байна гэж байсан. Тэгээд Баянхонгортоо хоёр гурван сургуулиар орсон, 10-аад хүүхэд авч үзсэн. Ерөөсөө тэвчээр зааж сууж чадах, тууштай байх хүүхэд олдоггүй юм билээ. Цэргээс халагдаад ирээд гэр бүл зохиогоод говьд амьдарч байсан залуу шавь оръё гэж ирээд хоёр хоног шаргуу сууж наамлыг маань сурч авсан. Тэгээд хэсэг алга болсноо үнэхээр хийж чадахгүй юм байна лээ, миний хийх ажил биш байна гэж байсан.

- Үр хүүхдүүдээс тань?

- Миний зургаан хүүхдээс одоо тав нь байна. Тэд маань бүгд энэ наамлыг чаддаг. Хааяа гараа амраагаад ээлжлүүлж суулгасаар бүгдэд нь зааж сургасан. Одоо бүгд аж амьдралаа хөөгөөд өөр өөрсдийн сонгосон мэргэжлээр ажиллаж байгаа, магадгүй гавьяаны амралтдаа гарахаараа энэ төрлийн бүтээлүүдийг хийж үргэлжлүүлэх байх гэж найддаг. Үйл оёдог утсыг ширхэг бүрийг нь нааж хийнэ гэдэг бол үнэхээр цаг зав, тэсвэр тэвчээр шаардсан, уйгагүй хөдөлмөрийн дүнд бүтдэг зүйл л дээ. 

- Онцлох бүтээлээсээ дурдаач?

- Түүхийн багш хүний хувьд би Монголын 38 хааны үүх түүхийг судалж удам угсаатай нь гаргаж ирсэн. Тэрийгээ тухайд үед орон нутгийн сонин, Монголын Хүүхдийн байгууллагын сонинд ч тавьж нийтлүүлж байсан. Тухайн хаадынхаа хөргийг А4 хэмжээтэйгээр утсан наамал хийсэн, 38 хааныхыг шүү. Чингис хааны үеийн Галын тахилгын судар бас байна. Өөрөө бол ихэд тоож байгаа бүтээлүүд маань. 

- Галын тахилга бүтээлийг харахад зураг сэлтээс гадна бичээс нь уйгуржин монгол бичгээр бичжээ. Зургаа өөрөө зурж, түүнийгээ наана. Эх хэл бичгээ төгс эзэмшсэн хүн л энэ бүх бүтээлээ уйгуржин бичгээр бичнэ ээ дээ. Та үнэхээр “элдэвтэй” хүн юм аа.

- Аа яахав, юм юмны захтай. Би чинь уг нь бага ангийн багш мэргэжилтэй. Дээд курс төгсөөд Түүхийн багш голчлон хийсэн. Тэгээд хөдөлмөр, зураг, дуу хөгжим гээд заагаагүй хичээл байгаагүй дээ.

- Бүтээлээ хийж хэлсэн цагаасаа хойш хэчнээн бүтээл хийгээд байгаа бол?

- Өнөөг хүртэл утсан наамлаараа 300 гаруй бүтээл хийчихсэн байна. Бүтээлүүдээ тухайн цаг үед нь авъя гээд үзэж сонирхсон хүнд нь хэр таарсан наймаа хийж, амьдрал ахуйдаа нэмэр болгож ирсэн. Тэгээд энэ төрлийн бүтээл оролдсоных, ганц даацтай бүтээл хийе гэж 2015 онд шийдээд Чингис хааны сэнтийдээ сууж буй хөргийг хананд байрлуулах том хэмжээгээр буюу 1.20х1.40 хэмжээтэйгээр хийж эхлүүлсэн. Гурван жил, гурван сар зарцуулж хийсэн.

- Хамгийн үнэд хүрсэн бүтээл тань мөн үү?

- Тийм ээ. Саяхан Музейн сан хөмрөгт хадгалуулсан Чингис хааны сэнтийдээ сууж буй хөрөг зураг маань миний хамгийн том, басхүү үнэд хүрсэн бүтээл маань. Аймгийн ИТХ тэргүүлэгчдээрээ хэлэлцээд төсөв мөнгийг нь шийдээд аймгийн Музейд худалдаж авсан. 18 сая төгрөгөөр зарагдсан. Бүтээлийн цэвэр хэмжээ 0.9м*1.2м хэмжээтэй юм.

- Тухайн бүтээлийн насжилтыг ямар хэмжээнд гэж тооцоолж байгаа вэ. Хадгалах горимын хувьд тусгай технологи байх уу.

- Музейн өөрийнх нь норм стандарт бий л дээ. Тэр дагуудаа хадгалахад маш богиноор тооцлоо гэхэд 30 жил, цаашилбал 60 жилийн настай гэж тооцож байгаа.

- Оюуны өмчийн тал дээр хэр анхаардаг вэ. Бас үзэсгэлэн, уралдаанд хэр хүч үздэг вэ?
-Улаанбаатар хотод Соёлын өвийн үзэсгэлэнд оролцсон, Баянхонгор аймагтаа бол долоон удаа аймгийн Шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцож 5 удаа шилдгээр шалгарсан. ӨМӨЗО-ны Альшаа аймагт нэг удаа үзэсгэлэнгээ гаргасан. 2018 онд Монголын соёлын Биет бус өвийг тээгчдийн улсын уралдаанд оролцох эрхээ авсан байсан ч ар гэрийн гачигдлаар оролцож амжаагүй.

- Энэ олон бүтээлийн ард гараад, одоо эргээд харахад та энэ бүтээлүүдээс юутай “үлдэв”.

- Би чинь зүгээр сууж чаддаггүй, хөнгөн чанарын хүн л дээ. Намайг энэ утсан наамал маш тэвчээртэй, няхуур болгосон. Хамгийн том өгөөж нь энэ юм даа.

- Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ