Хилийн дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-10 16:58:17

Завхан/МОНЦАМЭ/. Хилийн салбар болон байнгын, түр, хөдөлгөөнт хилийн харуулуудаас улсын хилд 4750 орчим хилчин томилогдон үүрэг гүйцэтгэсэн байна гэж Тэс сумын хилийн цэргийн 0277-р ангиас мэдээлэв.

Тус аймгийн Тэс, ОХУ-ын Тува улсын хилийн зурвас дагуу суманд орших хилийн цэргийн анги нь Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам” Хил хамгаалалтын дүрэм, Хилийн цэргийн командлагчийн удирдамж, отрядын даргын тушаалыг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний дагуу өнгөрсөн онд орон нутгийн удирдлага харилцан ажиллагаатай байгууллагууд, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугч иргэдтэй хамтран ажиллажээ.

Ингэхдээ хилийн салбар болон байнгын, түр, хөдөлгөөнт хилийн харуулуудаас улсын хилд долоон төрлийн 16500 хилийн манаанд 4750 орчим хилчин томилогдон үүрэг гүйцэтгэсэн байна. Хилийн зурваст нэгээс дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд өвөлждөг 92 өрхийн 528 иргэнд хилийн тухай хууль тогтоомжийг сурталчилжээ. Мөн өнгөрсөн оны 11, 12 дугаар сард хилийн зурваст нутагласан Тэс Баянтэс сумын 66 өрх айлын 260 иргэнд хууль, тогтоомжийг сурталчлан яриа таниулга хийсэн. Хөдөлгөөнт хилийн харуул, MD-780 G суурин станц, PD-680 гар станц, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон Зил-131 маркийн автомашинаар үүрэг гүйцэтгэсэн байгаа. Өнгөрсөн онд хилийн дэглэмийн зөрчил хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, ОХУ-ын талаас дөрвөн удаагийн 85 тооны бод мал буюу адууг бэлчээрээр улсын хил давж орж ирснийг гэрээний дагуу шийдвэрлэсэн. Хилийн дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 90 хувьтай, шийдвэрлэлт 95 хувьтай байна гэв. 

Холбоотой мэдээ