Маргаашийн ирээдүйнхээ төлөө эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа хичээх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-08 12:12:51

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын зургаан багийн 80 орчим эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон "Эмэгтэйчүүд ба Хөгжил” зөвлөгөөнөөр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө хамтран ажиллахаар хэлэлцлээ.  

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрх юм. Энэ нь ямар нэгэн тусдаа ойлголт биш бөгөөд харин хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм. Тэгвэл эрхийнхээ төлөө хэрхэн тэмцэх, эмэгтэйчүүд хамтдаа хэрхэн хөгжих, боломж, гарц, үнэ цэнтэй гэр бүлийг бүтээхэд эмэгтэйчүүдийн үүрэг их. Эмэгтэйчүүдийн хамтдаа хөгжих боломж, нийгэмд зөв иргэнийг төлөвшүүлэхэд гэр бүл хамтдаа хичээх хэрэгтэй. Хувь хүний ёс зүй, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг дадлыг багш, эцэг эхчүүд хамтран хэрэгжүүлэх. Гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллээс хэрхэн ангижрах, хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлтийг хийх гэхчлэн сэдвүүдээр оролцогч талууд суралцангаа мэдээлэл авлаа. Бүх талын оролцогчдыг хамруулсан тус сургалт зөвлөгөөнд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, багийн Засаг дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нар мөн оролцсон.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад бүх талын оролцоо чухал гэдгийг онцолсон зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр, Балжиннямын Баярсайхан сан, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх ТББ, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Завхан сонины газар гэсэн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Нийгмийн харилцааны анхдагч нэгж бол гэр бүл. Ирээдүй болсон хүүхдүүд маань ямар хүмүүжилтэй ёс суртахуунтай болж төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо асар их. Тиймээс хөгжлийн тухай ямар ч асуудалд хувь хүний ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил төлөвшил нөлөөлж байдаг. Бидний маргаашийн ирээдүй хүүхдүүдийнхээ хөгжил, төлөвшилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа оролцохыг зөвлөгөөнөөс уриаллаа гэж зохион байгуулагчид мэдээлэв. Ташрамд дуулгахад Завхан аймгийн Отгонтэнгэр рашаан сувиллын газраас сургалт зөвлөгөөнд хамрагдсан эмэгтэйчүүдийг эхо үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхийг олгожээ. 

Холбоотой мэдээ