10 сумын сургуулийн дотуур байранд ус, ариун цэврийн байгууламж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-23 17:31:00

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхдэд ээлтэй дотуур байр арга хэмжээний хүрээнд 24 сумын сургуулийн дотуур байрны багш нар сургуулийнхаа онцлогт тохируулан төлөвлөгөө боловсруулж байна.

"Хүүхдэд ээлтэй дотуур байр” арга хэмжээг дөрвөн зорилтын хүрээнд 46 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боловсруулсан. Аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн, захирамжаар баталгаажуулан хэрэгжүүлж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран цар тахлын үед цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын багш нарын ур чадварыг нэмэх цуврал сургалтуудыг зохион байгуулсан. Үүний нэг нь "Хамтдаа хөгжье" хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дотуур байрны багш нарт зориулсан хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг оролцоо сэдэвт найман цагийн сургалт юм. Энэ сургалтад 24 сумын сургуулийн дотуур байрны 30 орчим багш оролцжээ.

Өнөөдрийн байдлаар 10 сумын сургуулийн дотуур байранд ус, ариун цэврийн байгууламж байгуулахаар суурь судалгаа хийж засварын ажил эхэлсэн байна. Тухайлбал, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Сантмаргаз, Сонгино, Ургамал гэхчлэн 10 сум байна. Мөн дотуур байрны багш бүр сум сургуулийнхаа онцлогт тохирсон "Хүүхдэд ээлтэй дотуур байр" төлөвлөгөөг тус бүрдээ боловсруулан ажиллаж байгаа. Цаашид хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны хүүхдүүдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн таван бүсийн дотуур байранд номын өргөө байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ