Г.Амарбаясгалан:Тулгамдаж буй хамгийн том асуудал дулааны цахилгаан станцтай болох

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-25 14:08:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалантай уулзаж, цаг үеийн асуудлаар хөөрөлдлөө.

-Сумын ИТХ-ын бүрэн эрх хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэлээд ажил хийж, бүтээн байгуулалт ч өрнөсөн он жилүүдийг үдэж байна?

-Тийм ээ. Сумын ИТХ-аас баталж, гүйцэтгэх засаглал буюу Засаг даргын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн дагуу ажлууд хийгддэг. Аль болох амьдралаас урган гарсан, зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийхийг эрэмбэлсээр ирлээ. Хувь хүний хөгжил рүү чиглэсэн, иргэдийн амьдралд хэрэгтэй олон хөтөлбөр хэрэгжиж байна.

-Сумын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байна, тэдний ажлыг та бүхэн хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө баталсан учраас хяналт тавих үүрэгтэй. Мөрийн хөтөлбөрийн биелэлт, хөрөнгийн зарцуулалт, тогтоол шийдвэр гээд орон нутгийн өмчит байгууллагуудын ажилд хяналт тавьсан. Мөн төлөөлөгчид тойрогтоо ажиллаж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын чанар, явц, гүйцэтгэлд хяналт тавин ажилласан.  

-Аймгийн төвийн сум гэдэг утгаараа Сүхбаатар сум бүхний анхаарлын төвд байдаг. Иймээс сум, орон нутгийн хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт юунд илүүтэй их чиглэж байна вэ? Энэ чиглэлээ баримталж ажиллаж чадаж байна уу?

-Сүхбаатар сум газар нутаг багатай, байгалийн баялаг байхгүй. Харин бидэнд дэд бүтэц бий. Тиймээс аялал жуулчлалын томоохон хот болох боломжтой юм. Хот төлөвлөлтийг “Баян хан” 4 дүгээр баг болон “Буур хээр”-ийн 8-р баг руу шийдэж байгаа. Дэд бүтцээ сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар иргэдийн төвлөрлийг бий болгож, бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх тал дээр УИХ-ын гишүүд болон аймаг, сумын удирдлагууд хамтран ажиллаж байна.

-Оны өмнөхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болж, сумын 2022 оны төсөв, төлөвлөгөөгөө баталсан. Сумын эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй, нэн түрүүнд шийдэх ёстой асуудлыг та бүхэн юу гэж харж байна, түүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хийх ажлаа эрэмбэлж, шаардлагатай ажлаа төсөвт оруулна. Хөрөнгө, төсөв хязгаартай. Тэгэхээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлуудыг бүрэн хамруулахад чиглэгдэх ёстой. Тулгамдаж буй хамгийн том асуудал дулааны цахилгаан станцтай болох. Түүний дараах асуудал бол эдийн засгийн эрэлтийг бий болгох юм. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих ажлын байрыг бий болгоход анхаарч байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байж ажлын байр нэмэгдэх ёстой гэж хардаг. 

-Сумын төсөв хөрөнгө болон орлого бүрдүүлэх ажил хэр байна вэ?

-Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих тал дээр бодлого гаргаж ажиллах ёстой гэсэн байр суурьтай. Төсвийн орлого бүрдүүлэх ажил хэвийн үргэлжилж байна. Төсөвлөсөн орлого тасраад, хүндрэл учраад байгаа зүйл одоогоор байхгүй. “Ковид-19” цар тахалтай холбогдуулан зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа.

-Сумын ИТХ-д ажил хүссэн, мөнгөн болон ямар нэгэн дэмжлэг хүссэн иргэд хэр хандаж байна. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Гэр орон хүссэн, ажилд оруулаад өгөөч, эмчилгээний зардал хүссэн гээд олон санал хүсэлт, өргөдөл ирдэг. Иргэдийн саналыг хүлээн авч холбогдох чиг үүргийн байгууллагад уламжлах, шийдвэрлэсэн эсэхийг эргэж мэдээлэх зэргээр ажиллаж байна.

Хүн бүрийн санал хүсэлтийг ИТХ шийдвэрлэх боломжгүй. Харин тухайн асуудлыг бусад чиг үүргийн байгууллагад хүргэх, шийдвэрлэж болох гарцыг эрэлхийлэх, боломжийг хайх талаар түлхүү ажилладаг.

-Улс орон даяар туулж буй цар тахлын хүнд цаг үе, нөхцөл байдлыг Сүхбаатар сумын хувьд хэрхэн даван туулж байна вэ? Цаашид авах арга хэмжээ юу байх вэ?

-2021 он бол та бүхэн сайн мэдэж байгаагаар цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулсан, бүх нийтийг хамарсан хөл хориотой өдрүүдийг өнгөрүүлж байсан хугацаа байлаа. Төлөөлөгчид тус тусын сонгогдсон тойрог бүрд өөрсдийн сонгуульд ажилладаг системээр ажиллаж иргэдийг вакцинжуулах, мэдээ мэдээллээр хангах гэх мэтчилэн олон ажилд Засаг даргын тамгын газартай, багийн Засаг дарга, багийн ИНХ-ын дарга нартай хамтран зохион байгуулсан. Цаашдаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны төсөвт Засаг даргын нөөцөд гамшгийн зардал нэмэгдүүлэн баталж өгсөн. Бид бүхний хувьд хэдий хүнд үе байсан ч хурлын байгууллага цаг үетэй холбоотой нутаг орон, иргэдийн эрх ашгийн төлөө цахимаар хуралдаанаа зохион байгуулж асуудлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж байлаа.

-Төлөөлөгч тухайн сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт татах зорилгоор зураг төсөвгүй, эсвэл хэрэгжүүлэх үндэслэл муутай ажлыг лобби хэрэглэж шийдвэрлүүлэх хандлага байдаг. 

-Мэдээж хэрэг тухайн тойрогтоо хөрөнгө оруулалт татах сонирхол бүх төлөөлөгч нарт байгаа. Боломж бололцоо байгаа үед дэмжиж ажилладаг.

Одоогийн байдлаар хурлын төлөөлөгчдийн дунд аливаа асуудлыг лоббидох, хүчээр шийдвэрлүүлэх зэрэг тохиолдол ажиглагдаагүй. Хурлын үндсэн үүрэг нь хуралдаан бөгөөд хуралдааныг үр дүнтэй зохион байгуулснаар эцэст нь гарах шийдвэр нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой юм.

Батлагдсан зураг төсөвгүй, хөрөнгө оруулалт татах боломжгүй, хэрэгжүүлэх үндэслэл муутай ажлыг хурлаар хэлэлцүүлэхгүй, дэмжихгүй байх хатуу шаардлага тавьж байна. Мөн бүтээн байгуулалтын ажлын чанарт ч анхаарал хандуулж байгаа. Төлөөлөгчид иргэдээсээ санал аваад эрэмбэлж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа нь зөв ч хэт ингээд байвал нэн шаардлагатай томоохон ажлуудын хөрөнгө тарамдах эрсдэлтэй. Миний хувьд зарим ажил дээр нь санал нийлээд, зарим дээр нь нийлдэггүй. Аливаа юм хоёр талтай. Төлөөлөгчид зөвхөн өөрийн сонгогдсон тойрогтоо хөрөнгө шийдүүлэх гэхээсээ илүү сумын хэтийн хөгжлийн төлөвлөлтөд уялдаж томоохон ажлууд дээр нэгдсэн төсөв батлаад явах нь чухал гэж боддог. Түүнээс өөрийн тойрог гээд байх нь өрөөсгөл. Бид энэ асуудлыг Төлөөлөгчдөөрөө санал солилцож цаашид томоохон бүтээн байгуулалтын ажилд хөрөнгийг шийдвэрлээд явах бодлого барьж байна. Барилга байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг гээд. Ер нь том эрх ашгаа харж ажиллах зарчмын байр суурийг л хурлын даргын хувьд баримталж байна.

-Сумын ИТХ-ын төлөөлөгчид хэрхэн иргэдийн төлөөллийг хангаж, тэдний ашиг сонирхлыг биелүүлэн ажиллаж байна вэ?

-Иргэдээ хамгийн ойр ажиллаж, тэдний саналыг сонсдог, иргэн, төрийн байгууллага хоёрын дунд гүүр болж ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс бол ИТХ-ын төлөөлөгчид. Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас шалтгаалж, эдлэх ёстой эрхээ бүрэн эдлэхгүй байх, эрх ашиг нь хохирох асуудал гаргахгүй байх талаас нь төлөөлөгчид санаа тавин ажилладаг. Мөн хурлын төлөөлөгчид сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах, иргэдийн баяр тэмдэглэлт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, иргэдийг холбогдох байгууллагын шагналаар шагнуулахаар уламжлах, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох албан тушаалтанд асуулга, асуулт тавих, хариуг авах зэрэг ажлуудыг тойрог тойрогтоо хэрэгжүүлж байна.

-Төлөөлөгчид аливаа асуудалд хандах хандлага ямар байдаг вэ?

-Сумын ИТХ-ын төлөвлөгөөт ажил, арга хэмжээ болон сумын Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг цахим орчин болон дотоод сүлжээгээр бүх төлөөлөгчид хүргэж байгаа. Мэдээллээр хангагдаад, асуудалд хандах хандлага нь Төлөөлөгчдийн хувьд шийдлийг олох зарчимд суурилсан байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дууссаных нь дараа ярих биш явцын дунд хурлын дэргэдэх бодлогын хороод хяналтаа тавьж байгаа нь сайшаалтай. Хүсэх юм бол төлөөлөгч аль ч тойрогт ажиллах боломжтой. Төлөөлөгчид хурлын ажлын албатайгаа хамтран ажиллаж байна.

-Сумын ИТХ сөрөг хүчний дуу хоолойг хэрхэн хүлээн авч шийдвэртээ тусгаж байна вэ?

-Энэ удаагийн сумын ИТХ-ын 31 төлөөлөгчийн  25 нь Монгол ардын нам, зургаа нь  Ардчилсан намаас сонгогдсон. Хурлаас сөрөг хүчний саналыг байнга сонсож, зарим асуудлыг хурлын шийдвэртээ тусган  ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл цөөнхийн үгийг байнга сонсож ажилладаг.

-Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Аливаа улсад эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг. Төрийн бодлогыг их л сайн явуулахгүй бол хүн ам массаараа эрх барьж байгаа төрийн бодлогод дуртай байдаггүй. Байнга шүүмжлэлтэй ханддаг. Голыг нь олж бодлогоо явуулж, асуудлыг эрэмбэлэх шаардлагатай. Тиймээс хийхийн төлөө, Сүхбаатар хотынхоо иргэд сайн сайхан амьдралын төлөө гаргасан бүх шийдвэрийг тэр нь энэ нь муу сайн гэж ангилах боломжгүй. Энэ хурал хэрхэн ажиллаж байгаа, ямар шийдвэр гаргаж байгааг эцэстээ иргэд л дүгнэнэ шүү дээ.

Холбоотой мэдээ