Санал хүсэлтийн 80 орчим хувь нь цар тахлын үеийн шийдвэртэй холбоотой байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-20 17:13:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэр дээр сум, байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс 246 албан бичиг иржээ. Эдгээрийг 98 хувь шийдвэрлэсэн байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

Тухайлбал, аймгийн ИТХ-д ирсэн албан бичгийн 214 нь санал хүсэлт байсан. Эдгээр санал хүсэлтүүдийн 186 нь холбогдох байгууллагуудад нь уламжилж шийдвэрлэн хариуг нь өгсөн байна. Иргэдээс 43 өргөдөл, гомдол ирснийг мөн шийдвэрлэн хариу барагдуулаад байна. Цар тахлын үед иргэдээс өргөдөл гомдол, хүсэлтийг цахимаар болон шуудангаар хүлээн авч шийдвэрлэсэн байна. Энэ онд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн 80 гаруй хувь нь хуулийн хэрэгжилт, ажил олгох, цар тахлын үеийн мэргэжлийн байгууллагуудын шийдвэртэй холбоотой асуудлууд байв. Түүнчлэн нээлттэй ажилладаг суурин утсанд нийт 112 хүн санал, хүсэлтээ өгчээ. Мөн цар тахлын үед аймгийн иргэний танхимаар иргэдэд нээлттэй үйлчилсэн бөгөөд аймагт хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээний төслүүдэд иргэний нийгмийн байгууллагуудаас саналыг авч хариуцсан байгууллагуудад хүргүүлэх. Lawforum.parlament.mn сайтаар дамжуулан УИХ-аар шинээр батлагдах хуулийн төслүүдэд иргэдээс цахимаар санал авч нэгтгэн УИХ-ын Тамгын газарт хүргүүлжээ.

Ташрамд энэ онд аймгийн ИТХ-ын архивд байнга хадгалах 14 хадгаламжийн нэгж, түр хадгалах 23 хадгаламжийн нэгж баримтыг бүрдүүлжээ. Ингээд нийт 1057 хуудас баримтыг архивын цахим системд оруулаад байна гэв. 

Холбоотой мэдээ