Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад нөлөөллийн ажил чухал

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-06 17:34:37

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт эрүүл мэндийн салбарын баруун бүсийн уулзалт зохион байгууллаа.

Глобал сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны багаас “Коронавируст халдварын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” нөлөөллийн уулзалтыг Завхан, Хэнтий аймагт танхимаар, улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж, халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүд, аймгуудын удирдлагууд оролцлоо.

Нөлөөллийн уулзалт нь коронавируст халдварын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангах. Иргэний нийгмийн байгууллага, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх зорилготой юм. Завхан аймагт 2019 онд халдварт өвчнөөр 710, 2020 онд 642 хүн өвчилж эмчлүүлснээс 55 хувийг нь бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчний 41 хувийг нь гонококкт халдвар, 11 хувийг нь тэмбүү өвчин эзэлж байна.

Харин 2021 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 11189 болж, өмнөх оны мөн үеэс 10643-өөр тус тус нэмэгджээ. Нийт халдварт өвчний 44 хувийг нь бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчний бүртгэгдсэн өвчлөл, тархалт их. Илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа ч халдварын тохиолдол буурахгүй, нуугдмал хэвээр байгаа нь санаа зовоож байна. Тиймээс энэ удаагийн нөлөөллийн уулзлатаас ХӨСҮТ-тэй хамтран баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулахаар болов. Мөн бэлгийн замын халдварт өвчний эсрэг нөлөөллийн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэх. Залуу гэр бүлүүдтэй хамтран нөлөөллийн ажлыг шинэлэг байдлаар явуулах гэхчлэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 



Холбоотой мэдээ