Сумандаа ногоон тэжээл тариалж өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-02 18:41:58

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум энэ жил бүх багтаа ногоон тэжээл тариалж амжилттай ургац авч өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ.

Тус сум энэ жил хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчид руугаа чиглэсэн ажил арга хэмжээг нэлээдгүй авч хэрэгжүүлсний нэг томоохон ажил нь ногоон тэжээл тариалах юм. Энэ жил анх удаа сумын зургаан багийн 27 иргэдийн бүлэгтэй хамтран ногоон тэжээл тариаллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 13.5 сая төгрөгийн ногоон тэжээлийн үр худалдан авч нийт 57 га-д тариалалт хийж 490 гаруй тонн ногоон тэжээлийг хураан авсан байна.

Мөн өнгөрсөн зун хур бороо ихтэй газрын гарц сайн байсан учир малчдын бүлгүүд хамтран байгалийн хадланг 640 гаруй тонныг хураан авч өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан тогтоолын дагуу малчдын өвөлжөө хашааг засварлахаар хэрэглээний модны гоожинг малчдад олгож, өвөлжөө хашаагаа сэлбэж засварлаад байна.

2021-2022 оны өвөл, хаврыг өнөтэй давах отор нүүдэл хийх өрхийн судалгааг гаргасан. Сумтай хил залгаа Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 9 сумын удирдлагуудтай уулзаж отор нүүдлийн талаар санал бодлоо солилцсон. Гэсэн хэдий ч дээрх нутгуудад малын гоц халдварт өвчний голомтууд бүртгэгдэж байгаа тул малчдад эрсдэлтэй нөхцөл байдал тулгамдаад байгаа. Тиймээс сумандаа өвс тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлж, өвөл хаврыг өнөтэй давах бэлтгэл ажлуудыг хийж байна гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд тус суманд энэ онд нийт 1274 малчин өрхийн 249054 толгой мал өвөлжиж хаваржина. Мөн мал сүргийн тоогоор аймагтаа хоёрдугаар байрт бичигдэж, адуу, үхэр, хонин сүргийн тоогоор тэргүүлжээ.



Нэг малд ноогдох татварыг 200-500 төгрөгөөр тогтжээ

Их-Уул сум нь малын тоо толгойн татварыг ИТХ-аар хэлэлцүүлж тогтоосон.

Тухайлбал нэг малд ноогдох татвар нь хонь 200, ямаа 300, үхэр 400, адуу 500 төгрөг байхаар тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын зөвлөмжийн дагуу сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар малын тоо толгойн татварыг 7 дугаар сарын 1 хүртэл хугацаанд 0 төгрөг байхаар тогтоож энэ жил 50 хувь чөлөөлж байгаа юм. Дээрх зөвлөмжийн хүрээнд малын тоо толгойн татвар төлөх хугацаа болсон учир малчин болон мал бүхий бүх иргэн татвараа хуулийн хугацаанд нь яаралтай төлөх шаардлагатай байна. Мөн малчид ноосны урамшуулал авахад, бүрдүүлэх материалд и-баримт өгсөн байх шаардлага тавьж байгаа учир малчин иргэн бүр QR кодын бүртгэл хийлгэх. И-баримт нээлгэж орлогоо баталгаажуулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар манай сумын малчин иргэн бүр дээр и-баримт болон QR код үүссэн байгаа. Ер нь малын тоо толгойн татварын орлого нь сумын орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдаж тодорхой ажлуудад зарцуулагддаг журамтай. Тухайлбал, татварын орлогыг бэлчээрийн менежмент, даацыг сайжруулах, худаг ус гаргах. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах. Малыг гэмт халдлага гамшгаас хамгаалах, малын тэжээл ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх. Байгаль орчныг хамгаалах, малын угаалга хийх, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт сурталчилгааны зардалд тус тус зарцуулдаг гэж Их-Уул сумын Татварын албанаас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ