Грект вакцинд хамрагдаагүй 60-аас дээш насны иргэдийг торгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-01 10:30:49

АФИН. /BBC/. Грект 60 болон түүнээс дээш насны иргэдэд “COVID-19”-ийн вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавих төлөвтэй байна.


Ерөнхий сайд Кириакос Мицотакисын мэдэгдснээр, вакцин хийлгэхээс татгалзаж буй энэ насны иргэдэд ирэх нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн сар тутам 100 еврогийн торгууль ногдуулах ажээ.


Ийнхүү цугларах мөнгийг коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо эрс өсөж байгаагийн улмаас ачаалал нь нэмэгдэж буй эрүүл мэндийн салбарт зориулахаар төлөвлөж байна.


Грекийн 11 сая хүн амын 63 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч 60-аас дээш насны 520 мянга гаруй гаруй иргэн хараахан вакцин хийлгээгүй байгааг тоон мэдээлэл харуулж байгаа юм.


Иргэдэд вакцинд заавал хамрагдах шаардлага тавих эсэхийг парламентын санал хураалтаар шийдвэрлэх хэвээр байгаа ч хууль тогтоогчид ерөнхийдөө дэмжих төлөвтэй байна гэж Ерөнхий сайд хэлжээ.


Зарим улс орон эмнэлгийн ажилтнууд болон халдвар авах эрсдэл өндөр ажилтнуудад вакцинд заавал хамрагдах шаардлагыг тавьж байгаа ч Грек нь тодорхой насны иргэдэд ийм шаардлага тавьсан Европын анхны орон болж байна.


Австрийн эрх баригчдын хувьд “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах шаардлагыг иргэддээ ирэх оны хоёрдугаар сараас тавьж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.


Грекийн сөрөг хүчний гол нам болох “Syriza” шинэ арга хэмжээг залхаан цээрлүүлсэн шинжтэй, санхүүгийн хувьд хэтийдсэн гэж шүүмжилжээ.  


Харин М.Мицотакис хэлэхдээ, энэ шийдвэрийг гаргахад хүндрэлтэй байсан ч хамгийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах хэрэгтэй гэж үзсэн гэв. Грект өнөөдрийн байдлаар халдварын улмаас 18 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ