Ахужа Винод: Монгол Улс тоон мэдээллээ сайн гаргадаг ч бодлого төлөвлөлтөд ашиглахдаа сул байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-11-29 09:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал энэ сарын 22-25-нд боллоо. Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцсэнээрээ онцлог байлаа. Уг хурлын үр дүн, ач холбогдлын талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винодоос зарим зүйлийг тодруулав.


-НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал энэ сарын 22-25-нд боллоо. Энэ хурлын ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэн тэргүүнд энэ хурлыг зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар, ҮСХ-нд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. ҮСХ-ноос энэхүү хурлыг зохион байгуулахад өндөр түвшинд мэргэжлийн зөвлөгөө өглөө. Ерөнхийдөө энэхүү хурлын талаар товч танилцуулбал, НҮБ-ын ХХААБ-д Бүсийн хэмжээнд удирдах хороо гэж бий. Энэ удирдах хороонд статистик, ой, газар тариалан, мал аж ахуйн зэрэг чиглэл, чиглэлийн техникийн зөвлөх хороотой. Эдгээр хороо жил бүр чиглэл тус бүрээрээ бүсийн хэмжээнд чуулга уулзалт зохион байгуулдаг. Зөвлөх хорооны хурлаас гарч буй шийдвэр, мэдээлэл нь гишүүн орнуудын үйл ажиллагаа, хөтөлбөрийг чиглүүлэх гол баримт бичиг, судалгаа нь болдог юм. Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлаар улс орнууд нэгдүгээрт статистик мэдээллээ танилцууллаа. Мөн энэ бүсэд статистикийн ямар арга зүйг хэрэглэж, нэвтрүүлж байна вэ гэдгийг судаллаа. Түүнчлэн тоон мэдээлэл хэр хангалттай гарч байна, уг мэдээллийн алдаа дутагдал, цоорхой нь хаана байна вэ гэдгийг бас ярилцлаа. Ингэснээр олон улсыг статистикийн нэгдмэл дата мэдээллээр хангах чухал ач холбогдолтой. Нөгөө талаараа энэ хурлаас бид Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийн тоон мэдээллийг хардаг. Өөрөөр хэлбэл, гишүүн улс орнууд ТХЗ-д хэр хүрч байна вэ гэдгийг бид мэдээж тоон мэдээлэлд суурилж гаргана. Эндээс маш олон орон ТХЗ-д хүрэх болоогүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ ТХЗ-ын статистикийг сайн хянаж, уг зорилгод хүрэх төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн өөрчилж, шинэчлэх вэ гэдэгт тоон мэдээллийг ашиглахаараа чухал ач холбогдолтой.


-ХАА-н статистикчдын үнэлгээгээр Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ, тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

-Олон улсад ажиллаж байсан туршлагаасаа үзвэл Монгол Улсын хөдөө аж ахуйн статистик, ҮСХ-ны чадвар, одоо байгаа нөхцөл байдал дээгүүр түвшинд байгаа гэж би бодож байна. Мэдээж би улс орнуудын статистикийн хөгжлийн түвшинг тоогоор эрэмбэлэх боломжгүй. Гэхдээ ҮСХ-ны тоон мэдээллээ цуглуулж байгаа байдал, судалгаагаа эмхэтгэж байгаа, тайлангаа тавьж байгаа зэргийг нь харвал олон улсын жишигт нийцсэн, бүс нутагтаа дээгүүр орж байна. Монгол Улсад хөдөө аж ахуйн статистик харьцангуй сайн хөгжсөн гэж үзэж байгаа. ТХЗ-ыг авч үзвэл яг хөдөө аж ахуйн статистикаас ялгаатай. Энд маш олон салбарын үзүүлэлтийг төрөл бүрийн арга зүйгээр судалж, тоон мэдээллээ гарган тайлагнадаг. Тухайлбал, хүнсний баталгаат байдлын алдагдлын түвшинг тодорхойлдог үзүүлэлт. Монголд бол анх ТХЗ-ыг хэмжих арга зүй байгаагүй. Манай байгууллага ҮСХ-той хамтраад энэхүү арга зүйг нэвтрүүлж, өрх гэрийн, хүний хүнсний баталгаат байдлыг хэмжих арга зүйг туршиж үзсэн. Одоогоор энэ туршилт амжилттай хэрэгжээд, ҮСХ-ноос өрхийн судалгааг гаргахдаа энэ талын үзүүлэлтийг оруулж, ойр ойрхон тайлагнаж байгаа.


-Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ хэмээн тусгасан. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх бодлого шийдвэр гаргахдаа статистик мэдээллийг ямар түвшинд ашиглаж байна гэж та дүгнэж байна вэ?

-Монгол Улсын статистик тоон мэдээллийг хоёр төрлөөр авч үзэж болж байна. Монгол Улс аливаа зүйлийг хянахдаа тоон мэдээллийг ашиглах, тайлагнах нь харьцангуй сайн байгаа. Нөхцөл байдал ийм байна, тоон мэдээлэл нь энэ байна гээд нөхцөл байдлыг тайлагнахдаа тоон мэдээллийг маш сайн ашиглаж байна. Харин тоон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд түүнийгээ бодлого төлөвлөлтөд ашиглах нь сул байна гэж харж байгаа. Энгийн  үгээр илэрхийлбэл, бид юу болоод байгааг мэдээд байгаа ч яагаад энэ үйлдэл болоод байна вэ, үүнийг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг шинжилгээг хийхдээ статистикаа ашиглах нь сул байгаа. Сайжруулах шаардлагатай гэж харж байна.


-Коронавируст цар тахлын үед хурал зөвлөгөөнөөс эхлээд олон ажлыг цахимаар зохион байгуулдаг боллоо. Статистик мэдээлэл цуглуулах, тайлагнах ажилд ч мөн ч өөрчлөлт орсон байх?

-Ер нь бол тоон мэдээллийг сайн цуглуулах, шинжлэх, тайлагнахад зардал их ордог. Сүүлийн хоёр жил үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан бид аль ч шатанд технологийн дэвшлийг ашиглах нь нэмэгдсэн. Тухайн газарт очихгүйгээр тоон мэдээлэл цуглуулах, түүндээ дүгнэлт хийхдээ инновац шингэсэн технологийн дэвшлийг ашиглахыг бид сурч авлаа. Манай байгууллагын хувьд ч хөдөө орон нутаг руу явахгүйгээр технологи ашиглаж тоон мэдээллээ авсан нь зардлыг ихээр хэмнэсэн. Зөвхөн манай байгууллагын хувьд ч биш, нийтээрээ тоон мэдээллийг цуглуулах, шинжлэх зардлыг багасгах хэрэгцээ байгаа. Боломж ч бас байна. Тийм учраас энэ удаагийн бүсийн хурлаар энэ талаар их хөндөж байгаад баяртай байгаа.


-Хөдөө аж ахуйн салбар хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Монгол Улсад жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа, жимс, нарийн ногооны хувьд импортоос хамааралтай зэрэг асуудал бий. Энэ хуралд 31 орны 300 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орныхоо хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээллээ танилцуулж байна. Бусад оронд нөхцөл байдал ямар байна, манайхтай адил асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж байна. Ер нь хуралд оролцож буй улс орнуудын тэргүүн туршлагаас хуваалцана уу?

-Хүнсний аюулгүй байдлын хамгийн гол хоёр үзүүлэлт бий. Нэгдүгээрт хоол тэжээлийн дутмаг байдал. Өөрөөр хэлбэл, хүний өдөрт авч байгаа калорын хэмжээ нь хүрч байна уу үгүй юу гэдэг асуудал. Хоёрдугаарт, хүнсний баталгаат байдал. Энэ нь хүн бүр хангалттай шим тэжээлтэй хүнсээр хангахдах ёстой гэдэг ухагдахуун юм. Үнэ болон бусад зүйлээс нь хамаараад шим тэжээлтэйг нь бус хямд үнэтэйг нь сонгож байгаа бол тэр хүний хүнсний баталгаат байдал алдагдаж байна гэсэн үг. Ингээд харахаар Монгол Улсын хувьд хүнсний баталгаат байдал хүн амын 5 хувьд ихээр, 20 хувь нь ямар нэгэн байдлаар алдагдсан байна. Үүнтэй зэрэгцээд сүүлийн жилүүдэд хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч таргалалт нэмэгдэж байгаа. Хоол хүнс байгаа юм шиг боловч шим тэжээлгүй. Үүний улмаас таргалаад байгаа ч эрдэс бодисын дутагдалтай байгаа нь гол асуудал. Үүнийг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт, хүмүүсийн хоол хүнсийг төрөлжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа махны хэрэглээг багасгаж, эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглэх. Ингээд харвал Засгийн газар болон бусад байгууллага хүнсний ногооны үйлдвэрлэл, тэр дундаа нарийн ногооны үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгийг хурдан оруулах шаардлагатай. Дээрээс нь үйлдвэрлэгчдийн бүлэг, хоршоог байгуулах нь нэн чухал юм.

Монгол Улсад жимсний үйлдвэрлэлийг нэмэх хүндрэлтэй байх. Гэхдээ хүнсний ногооны салбарт хийх боломжтой ажил их бий гэж үзэж байна. Манай байгууллага ХХААХҮ-тай нягт харилцаа холбоотой ажилладаг. Энэ хүрээнд ойрын 5-7 жилд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэхийг зорьж байна. Энэ нь урт хугацаандаа монгол хүний хоол тэжээлийг илүү олон төрөл болгоход тусална.


-Нарийн ногооны үйлдвэрлэлд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ямар төсөл байна вэ?

-Яг одоо энэ салбарт манайхаас төсөл хэрэгжүүлээгүй байна. Хэлэлцээрийн түвшинд буюу төсөл хөтөлбөрөө ямар загвар, аргачлалаар хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаж байгаа. Өмнө нь Швейцарын Хөгжлийн агентлаг (ШХА) хүнсний ногооны салбарт олон төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ч Монгол Улс булцуут хүнсний ногоо буюу төмс, луувангаа дотоодоос 100 хувь хангаж байгаа зэрэг амжилт гарсан. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмье гэдгийг дээд түвшинд маш сайн ойлгож байгаад би баярлаж байна. Гэхдээ үүнийг илүү хүчтэй, хурдан нэмэх шаардлага байгаа учраас бид олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэхэд тариалалт хийхээс гадна сайн чанарын үртэй байх асуудал хөндөгддөг. Үрийн тухайд хууль, журам зэрэг бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлууд бий. Бид ШХА-тай хамтраад хүнсний ногооны үртэй холбоотой хууль, эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.


-УИХ-аас баталсан Хүнсний тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулахад оролцсон байх?

-Яг баталсан хуулиадаас Үр сортын тухай хуульд шууд оролцоотой байсан. Үндсэн санхүүжүүлэгч нь ШХА байсан бол манай байгууллага техникийн зөвлөгөө өгсөн. Үүнээс гадна Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран хилээр орж ирж байгаа ургамлын үрийг шинжлэн батлах чадавхыг нэмэхэд хамтран ажилласан.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ