Жо Байден Ши Жиньпинтэй биечлэн уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийх үеэрээ гол чиглэлүүдэд олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Бидний эрх ашиг давхцаж буй, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн амин чухал асуудлаар санал зөрөлдөж байгаа зүйлийнхээ талаар тодорхой, шударгаар ярьж, хамтран ажиллахын тулд бид эрүүл саруул ухаанаар зарим зүйлд хил хязгаар тогтоох хэрэгтэй гэж би бодож байна" хэмээн Америкийн удирдагч хэлжээ.
АНУ, БНХАУ-ын харилцаа "дэлхийн бусад улс оронд томоохон нөлөө үзүүлдэг" хэмээн тэрбээр онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч "бүх улс орон нэг дүрмээр тоглох ёстой" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. "АНУ өөрийн ашиг сонирхол, үнэт зүйлс, түүнчлэн холбоотнууд, түншүүдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаалах болно" гэж Ж.Байден цохон тэмдэглэжээ.
АНУ, БНХАУ-ын эрх баригчид улс хоорондын өрсөлдөөнийг мөргөлдөөнд хүргэхгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой гэж Ж.Байден мэдэгдсэн байна. "Хятад, АНУ-ын удирдагчдын хувьд хоёр улсын хоорондох өрсөлдөөнийг санаатай болон санамсаргүй зөрчил болгохгүй байх нь бидний үүрэг юм. Зөвхөн энгийн, шударга өрсөлдөөн байх ёстой" гэж Ж.Байден хэлжээ.
Тэрбээр мөн Ши Жиньпинтэй биечлэн уулзана гэж найдаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Дараагийн удаа бид Хятадад аялахдаа уулзаж байсан шиг нүүр нүүрээ харан ярилцана гэж найдаж байна" гэж Америкийн удирдагч онцолжээ. Тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй "илэн далангүй, шууд яриа өрнүүлнэ" гэж найдаж байгаагаа нэмж хэлсэн байна.
АНУ-ын засаг захиргаанаас мэдээлснээр, цахим уулзалтад Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Жанет Йеллен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан, түүнчлэн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятадтай холбоотой асуудлыг хариуцдаг хэд хэдэн ажилтан оролцож байна.