Завхан аймаг уул уурхайн тусгай зөвшөөрлийг олгохгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт 10 дугаар сарын байдлаар 12 суманд уул уурхайн 51 тусгай зөвшөөрөл
байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал хайгуулын 39, ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс өнөөдрийн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй, тусгай зөвшөөрөл эзэмшигч "Баян-Айраг Эксплорэйшн" ХХК алт, "Монгол хан" хоршоо давсны олборлолт хийж байна. Ашиглалтын үйл ажиллагаа нь эхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч, "Шувуун хар уул" ХХК алт, "Түүчээ тэрэг" ХХК алтны олборлолтыг хийж буй.
Тус аймаг нь байгалийн унаган төрх, экосистемийг хэвээр үлдээх бодлого баримталж цаашид тусгай зөвшөөрөл олгохгүй байх бодлого барьж ажиллаж байна. Мөн орон нутагт уул уурхайн асуудал хариуцсан нэгж байгуулах. Ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл авсан ч орон нутагт ирж үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа гэв.