НҮБ-аас Монгол Улсад ирэх таван жил хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 14:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас хамтран зохион байгуулж буй “Алсын хараа, тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” өнөөдөр эхэллээ.


Уг хэлэлцүүлгээр НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц эхэлж байна. “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна. 


Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, үг хэлэв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр баримт бичигт үндэсний хэрэгцээ шаардлага, ил тод байдлын зарчмыг баримтлан, хүний хөгжил, амьдралын чанар, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжлийг дэмжих ажлыг оновчтой, уялдаатай тусгах нь чухал байгааг онцлов.



НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч  Т.Мишра хэлсэн үгэндээ  “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болохыг тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааны хүрээ нь Засгийн газар, түншүүдтэй тусламжаас илүүтэй хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцлов.


Хөрөнгө, санхүүжилтийг илүү үнэ цэнэтэй болгож, үр дүн нь хүмүүст, нийгэмд бодитоор хүрч байхад чиглэсэн НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж байгаагаараа НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь онцлогтой юм.


Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, НҮБ, түүний системийн байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн түншүүд оролцож буй уг хэлэлцүүлэг энэ сарын 4-ныг дуустал үргэлжилнэ.


Холбоотой мэдээ