Афганистаны нийслэлд дээрэм, тонуул эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-28 12:05:41

КАИР. /TASS/. Афганистаны эрх мэдлийг "Талибан" хөдөлгөөн булаан авсны дараа тус улсын нийслэл хотод дээрэм, тонуул гарах нь эрс нэмэгдсэн байна. Энэ талаар “TOLOnews” телевиз мэдээлжээ.


Тус сувагт ярилцлага өгсөн нутгийн иргэдийн хэлснээр, эдийн засгийн байдал муудаж байгаа үед олон хүн гэр бүлээ тэжээхийн тулд гэмт хэрэг үйлдэж байгаа аж. 


“Талибууд төрийн эрхэнд гарснаар бид дээрэм тонуулын тоо буурна гэж бодож байсан ч бүр их газар авч, нэмэгдчихлээ. Дээр нь хүн хулгайлах гэмт хэрэг ихэссэн, үүнийг зохицуулах хэн ч байхгүй” гэж Кабул хотын нэгэн дүүргийн оршин суугч Мохаммад Юнус ярьжээ.


“TOLOnews” телевизээр мэдээлж буйгаар, сүүлийн хоёр сард гэмт хэргийн гаралт зөвхөн нийслэл төдийгүй бусад мужид ч ихэссэн байна. 


Харин талибууд иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа хэмээн мэдэгдсээр байгаа аж. “Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд л гэхэд 100 гаруй хүн дээрэм, хүн хулгайлах зэрэг төрөл бүрийн гэмт хэрэг үйлдэж баривчлагдсан” гэж Афганистаны түр Засгийн газарт Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон талибуудын төлөөлөгч Саид Хости мэдэгджээ.


Холбоотой мэдээ