Завханд коронавирусний халдвар авсан 1300 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-08 12:12:44

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд коронавирусний халдварыг эмчлэх, эмнэлэг дэлгэсэн ч орны хүрэлцээ, эмч эмнэлгийн ажилтнуудын нөөц хүрэхгүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Өнөөдрийн байдлаар тус аймагт коронавирусний халдвар авсан 1300 иргэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хүндэвтэр 134, хүнд 26, маш хүнд дөрвөн иргэн байна. Зөвхөн Улиастай суманд л гэхэд нийт 335 ор дэлгэсэн ч өвчтөнүүдийг хүлээн авах ор, эмч, эмнэлгийн ажилчид, боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байна.

Энэ үед халдварыг эрчимтэй тархаахгүй байхад иргэн бүр хариуцлагатай баймаар байна. Тухайлбал халдварын шинж тэмдэг илэрсэн иргэд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандан эмчилгээгээ эхлүүлэх. Шинж тэмдэг илрээгүй ч халдвартай хүнтэй ойрын хавьтал болсноо мэдсэн бол ухамсраараа өөрийгөө тусгаарлах үүрэгтэй. Гэтэл шинжилгээний хариу эерэг гарсан иргэд, түүний гэр бүлийн гишүүд олон нийтийн газраар явсан хариуцлагагүй үйлдлүүд нь халдвар нэмэгдэх бас нэгэн шалтгаан болж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар бусдад санаатай халдвар тараасан гэмт хэрэг гэж үзэхээр байгааг анхаарах хэрэгтэйг дахин сануулж байна гэв.

Үүргээ биелүүлээгүй иргэдэд хариуцлага тооцно

Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас батлагдсан тохиолдлуудыг овог нэр, регистрийн дугаараар нь программд шивж, Цагдаагийн газарт хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлээгүй, ухамсаргүй үйлдэл гаргасан иргэн танд Эрүүгийн хуулийн 15.6 дахь зүйлд заасны дагуу торгох. Зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих. Бусдад халдварт вирусийг зориудаар халдаасан бол 1-5 жил хүртэл хорих заалттай. Коронавирусний халдвар нь энгийн нэг ханиад бус цар тахал. Альфа хувилбараар өвчилсөн хүн дахин дельта хувилбараар өвдөх боломжтой. Өвдөөд эдгэрсэн ч амьсгаадах, амархан ядарч сульдах, удаан хугацаанд ханиалгах зэрэг зовууриуд нь арилахгүй, хоруу чанартай байгаа тул аль болох өвчлөхгүй байх. Өөрийгөө болон гэр бүлээ, бусдыг хамгаалахад хүн бүрийн хичээл зүтгэл, ухамсар онцгой үүрэгтэй байна.

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг хориглосон тул иргэд та бүхэн хурим найр, хүүхдийн үсний сэвлэг үргээх ёслол зэрэг битүү орчинд болдог үйл ажиллагаанд аль болох оролцохгүй байх. Халдвар авсан бол яаралтай эмчлүүлэх, бусдад халдаахгүй байх үүргээ сайтар ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг онцгойлон анхааруулж байна гэж Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс анхааруулж байна. 

Холбоотой мэдээ