Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар инженер техникийн ажилтны давхцалгүй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-17 15:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг энэ оны долоодугаар сарын нэгнээс цахим хэлбэрт шилжүүлснээр аж нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.licence.mcis.gov.mn цахим системээр дамжуулан гаргаж авч байгаа.


Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтан, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлэн, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахим болгоод байна.


Долоодугаар сарын нэгнээс хойш www.licence.mcis.gov.mn цахим системд 250 аж ахуйн нэгж ханджээ. Одоогоор цахим хэлбэрээр материал бүрдүүлэлт авснаар 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох материал хянаж байгааг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулах явцтай танилцах үеэр Барилгын үндэсний ассоциацаас мэдээлэв.


Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд, нийгмийн даатгал, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “хур систем” болон “дан” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан бүртгэл үүсгэж байна.


Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа бүрэн цахимжсанаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материалыг халах, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах зэрэг хүний оролцоо, цаг хугацаа шаардсан ажлыг хөнгөвчилж байгаа. Мөн мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системтэй холбогдох боломжгүй зэргийг шийдсэн давуу талтай аж.


Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 6962 аж ахуйн нэгж, 36 мянга гаруй инженер техникийн ажилтны мэдээлэл Барилгын хөгжлийн төвийн мэдээллийн сангийн өгөгдөлд бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ